“Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт марк гарлаа
Чингис хааны алтан зоос, алтан гэрэгэ, номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, Чингис хаан музей, Чингис хааны шинэ хөргийг тус тус сонгон оруулсан байна
“Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт Чингисийн музейд боллоо. Түүхэн тэмдэглэлт тэгш ойн жилд зориулсан “Чингис хааны мэндэлсний 860 жил” сэдэвт 6 нэр, нэг блок маркт Чингис хааны алтан зоос, алтан гэрэгэ, номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, Чингис хаан музей, Чингис хааны шинэ хөргийг тус тус сонгон оруулсан байна. Маркийг бүтээхэд эрдэмтэн судлаачид, уран барималч, ахмад дипломатч нар мэргэжлиййн зөвлөгөө өгчээ. Монгол шуудангийн түүхэнд 1962 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан дөрвөн нэрийн марк гүйлгээнд гаргасан. Үүнээс хойш нэгэн жарны хугацаанд Чингис хааны мэндэлсний 830, 840, 850, 860 жил, Чингис хаанд өргөмжилсний 800, 810 жил, Монголын нууц товчооны 750, 770, 780 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 790, 800, 805, 810 жил, Чингис хааны баатрууд, Монголын эзэнт гүрэн, Хүн төрөлхтний түүх, Монгол-Америк хооронд дипломат харилцаа тогтоосны 20, Монгол маркийн 85, Монгол банкны 90, АСЕМ-ийн 20 жилийн ой сэдвээр 40 гаруй удаа Чингис хааны хөрөг, хөшөөг дүрслэн гаргажээ.
Үзсэн: 1043
Tweet