“Монгол Улс, БНХАУ-ын Хилийн гэрээ-60 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улс, БНХАУ-тай Хилийн гэрээ байгуулсны 60 жил ой энэ онд тохиож байгаа юм.
Монгол Улсын өмнөд хил бүрэлдэн тогтсон түүхт 60 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтран “Монгол Улс, БНХАУ-ын Хилийн гэрээ-60 жил” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Монгол, Хятадын 4709.6 километр урт хилийн хэсгийг тогтоосон “Монгол, Хятадын хилийн гэрээ”-нд хоёр улсын Засгийн газрын төлөөлөгчид 1962 онд Бээжин хотноо гарын үсэг зурж, улмаар 1963-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлсэн түүхтэй. Улмаар Монгол, Хятадын хилийг 1982-1984 онд анх удаа, 2001-2004 онд хоёр дахь удаагаа хамтран шалгаж, баталгаажуулсан байдаг. Монгол Улсын өмнөд хил бүрэлдэн тогтсон түүхэн ач холбогдлыг тодотгох зорилгоор энэхүү хурлыг “Монгол, Хятадын хилийн гэрээний түүхэн ач холбодол, үр дүн”, “Монгол, Хятадын хилийн гэрээний хоёр улсын хамтын ажиллагаанд эзлэх байр суурь, нөлөөлөл” гэсэн хоёр агуулгаар зохион байгуулсан байна.
Үзсэн: 962
Tweet