“Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Манай Улсад жилдээ 100 гаруй хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогддог.
Уг зөвлөгөөнд Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа, төрөлжсөн төв эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүргийн эмч мэргэжилтнүүд болон БСШУЯ, ХНХЯ-ны төлөөлөл оролцож байна. “Хүүхдийн хорт хавдрын эсрэг ГЛОБАЛ санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн. Монгол улс энэхүү санаачлагад 2021 оноос нэгдсэн юм. Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Монгол Улсын Төр засгаас хүүхдийн хорт хавдрын асуудалд онцгой анхаарал тавьж, оношилгоо, эмчилгээний шинэ техник, технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, орчин нөхцлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар анхааран “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаа юм.
Үзсэн: 732
Tweet