Монгол-Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил
"Бид нэгэн орон зай, нэгэн цаг үеийг хуваалцаж байгаа" гэв
Гадаад харилцааны яаманд Монгол-Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр үг хэлэхдээ хоёр улсын харилцааг цаашид улам эрчимжүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр илтгэлдээ төрийн тэргүүний хувьд Казахстанд айлчлахдаа Ерөнхийлөгч асан Н.Назарбаев, одоогийн Казахстаны төрийн тэрүүн, тухай үед парламентын спикер байсан Ж.Токаевтай уулзаж байснаа дурсаж, цаашид Монгол олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Казахстантай “хэвтээ” гадаад харилцааг хөгжүүлэх санал дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар манай хоёр улс эсгий туургатан ард түмэн. Түүх, соёл, ахуйгаараа холбогддог гэдгийг онцолж, "Бид нэгэн орон зай, нэгэн цаг үеийг хуваалцаж байгаа" гэв. Бага хуралд илтгэл тавьсан судлаач О.Дөлгөөн Монгол, Казахстан хоёр улс бүх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаад, үүний нэг үндэс нь харилцан визгүй зорчих журам гэдгийг онцолсон юм.
Үзсэн: 560
Tweet