1712 онд англи хэлээр орчуулж гаргаснаар Чингис хааныг Америк, Европ тивд анхлан таниулсан юм
АНУ-ын Конгрессын номын сангийн ажилтан, хэл бичгийн ухааны багш М.Саруул-Эрдэнэ 1712 онд англиар хэвлүүлсэн энэ номыг монгол хэлээр орчуулан, "Аугаа их Чингис хааны түүх"-ийг 2018 онд хэвлүүлжээ
Зургаан зуу шахам нүүр бүхий, тухайн үедээ “аварга” гэгдэж байсан номыг 1712 онд англи хэлээр орчуулж гаргаснаар Чингис хааныг Америк, Европ тивд анхлан таниулж, алдаршуулсан түүхтэй. Үе уламжилсан дорно дахинч, араб судлаач Франсуа Пөти дө ла Круа эцгийнхээ тэрлэж үлдээсэн номыг хянан тохиолдуулж, 1710 онд Парис хотноо хэвлүүлсэн нь энэ юм. Уг номыг Их Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулан Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейд гаргаж буй “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнд дэлгэжээ. Чингис хаан судлалын тухай ном, товхимлын цуглуулга бүхий уг үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хамгийн эртний, олонд түгсэн, алдартай нь Чингис хааны намтар судлалын дээрх ном юм. “Чингис хааны намтар судлалын анхны энэ бүтээл нь АНУ-ыг үндэслэгчдийн ширээний ном болж байжээ. Тодруулбал, АНУ-ыг үндэслэгч Бенжамин Франклин, 3 дахь ерөнхийлөгч Томас Жефферсон нар улсаа байгуулахдаа энэ номноос Чингис хааны үйл хэргийн тухай уншин, үлгэр авч, амьдрал үйл хэрэгтээ зарчмыг нь баримталж байсан гэж үздэг. Тухайн үед Чингис хаан Хархорумд дэлхийн бүх шашин зэрэгцэн оршиж болохыг хүлээн зөвшөөрч, шашны эрх чөлөөг тэргүүнд тавьж, анхлан тунхагласнаас Томас Жефферсон санаа авч, АНУ-д анх удаа шашны эрх чөлөөний тухай хуулийг санаачлан батлуулж байсан байна. АНУ-ын Конгрессын номын сангийн ажилтан, хэл бичгийн ухааны багш М.Саруул-Эрдэнэ 1712 онд англиар хэвлүүлсэн энэ номыг монгол хэлээр орчуулан, "Аугаа их Чингис хааны түүх"-ийг 2018 онд хэвлүүлснээрээ монголчуудад унших боломж бүрдүүлжээ.
Үзсэн: 840
Tweet