Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хэн нэгнийг ганц хором сонсох нь хүртэл хүний эрхийн төлөөх үйл юм.


Densmaa 2022-11-22 10:11

Хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Отгонгэрэл

          "Хэн нэгнийг ганц хором сонсох нь хүртэл хүний эрхийн төлөөх үйл юм"

Отгонгэрэлийн мөрөөдөл “Хилийн цэргийн мэргэжилтэн” болох байв.  Гэвч, шалгалтад тэнцсэнгүй. Тэгвэл эдийн засагч болдог хэрэг. Ингээд “Сан”сургуульд бүртгүүлжээ. Гэтэл аав нь “Чамд ийм мэргэжил зохихгүй, Нийгмийн ажилтан бол. “Хүний төлөө явдаг сайхан ажил” гэсэн юмсанж.  Ингэж л тэр мэргэжлээ сонгожээ. Отгонгэрэл бага байхын бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, хүний төлөө явдаг хүүхэд байв. Олон нийтийн ажилд идэвхтэй түүнийг багш нар нь “Ирээдүйн Нийгмийн ажилтан” гэлцэнэ. Түүнд хүний төлөө сэтгэлээ зардаг нандин чанар байдгийг аав нь ч , багш нар нь ч  мэддэг байжээ.

      Цаг хугацаа хурдан. Нэг л мэдэхэд их сургуулиа төгслөө. Хорооны нийгмийн ажилтан болов. Түүнээс тусламж авсан анхны хүн 14-тэй охин байв. Зогсолтгүй шугшран уйлах охиныг хойд эцэг нь хүчирхийлжээ. Отгонгэрэл өөрөө залуухан бүсгүй. Маш хүнд айдаст автлаа. “Амьдрал ямар аймаар юм бэ? Би үргэлж ийм элэг эмтрэм юм сонсож, ийм өрөвдөм хүүхдүүдтэй  ажиллах юм биш биз ”  гэсэн эмзэглэл шаналгана.  Шокноос гарч чадалгүй 14 хонолоо. Цаг явсаар, хүн чанар түүнийг дотроос нь хатгасаар...

        Юуны төлөө Нийгмийн ажилтан гэдэг мэргэжил эзэмшсэн билээ. Би энэ охинд туслах ёстой. Өөрийгөө ингэж чандлаад  хохирогч охинтой ярилцав. Насны хол биш зөрөөтэй хоёр жаахан бүсгүй удаан ярилцав. Охин уйлж, сэтгэлээ онгойлгож, сүүлд нүүрэнд нь сулхан инээмсэглэл тодорчээ. Отгонгэрэл эндээс нэг зүйлийг ойлгов. “Би хүнийг сонсох ёстой юм байна”...?  Хохирогч охинд тусалж, тэр тохиолдлыг дараагийн шатанд шилжүүлэв. Бусдын хөлд гишгэгдсэн цэцэг шиг жаахан охины гуниг Отгонгэрэлийг түлхэж, тэр бээр мэргэжлээрээ тууштай ажиллаж эхэлжээ. Энэ бол 10-аад жилийн өмнөх явдал. Цаг хугацаа тэр охины сэтгэлийн шархыг бага багаар аниулж, тэгж аньж илаарьшихад нь Отгонгэрэлийн сэтгэлийн гал нөөлөг болж, эдүгээ тэр хоёр сайн найзууд болжээ.

      Эмэгтэй хүн гэр бүлтэй үр хүүхэдтэй боллоо гээд гэртээ зүгээр сууж болохгүй ээ гэдгийг Отгонгэрэлийн  аав нь дандаа захидаг.  Тиймдээ ч охин нь бага гэхгүй орхиод л ажилдаа оржээ. Хүүхэд хамгааллын ажил гэдэг амархан юм биш. Салхи шуурга, бороо шороо, гал усан дундуур туучиж  онцгой байдал, цагдаа, түргэний машинтай зэрэгцэн үүр  шөнөөр тухайн газарт очно. Харанхуй гудамжаар золбин нохойд уруулах алдан явж байж согтуу хөлчүү, ухаанаа алдсан хүмүүс дундуур  дайрч орж хүүхдийг хамгаална, хамгаалалтад авна.  Турьхан туяхан эмэгтэй хүнд ахадмаар л ажил байдаг даа. Энэ тухай түүнтэй хамт олон жил ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөр Оюун-Эрдэнэ ийн хуучиллаа.

      Мөр... Энэ бол их гүнзгий, өргөн ойлголт юм. Хүн ер нь орчлонд ирээд өөрийн мөрийг  үлдээхийг зорьдог. Хийж бүтээх, туулсан зам,  сайн сайхан үр хүүхдээ сайн хүн болгон өсгөх, хүнд туслах, хүний амьдралыг гэрэл гэгээтэй зүгт замчлах нь МӨР юм. Энэ бол амьдралд үлдэх мөр. Тийм ч учраас “Отгонгэрэлийн үед, Оюун-Эрдэнийн үед энийг хийсэн юм” гэж хэлэгдэх ЮМ үлдээхийг хүсдэг. Өөрийн ийм л мөрийг бүтээх гэж цуцалтгүй явсаар сульдаж, цөхөрч, ягтжээ. Ингээд хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авав.

        Чөлөө аваад хэсэг сууж, үр хүүхдээ өсгөж, гэр орноо өөд татаж тайван байж болох авч тэрний сэтгэлийн гүнд “Ядаж ганц хүүхдийн амьдралыг өөрчлөх юмсан” гэх бодол байнга уяатай. Ингэж байтал 2017 он гарлаа. Морины хүүхдийн хувцас хэрэгслийн стандарт гарч, мөн даатгалтай байлгах ажлыг гардан хийлцэх боллоо. Энэ ажил бол хүүхдийг хамгаалахын төлөөх тэмцэл юм. Тэмцэл гэдэг дан ганц зэр зэвсэг агсаад дайтахыг хэлэхгүй. Учир нь хүмүүсийн хандлага, дадал зуршил, сэтгэлгээг өөрчлөх нь чухам усгүй талын цусгүй тулаан байлаа. Эхлээд тулгарсан бэрхшээл бол морины хүүхдийн хувцас хэрэглэл оруулж ирэх компани байдаггүй. Аргаа бараад, наадмын үеэр хоёр гурван компанитай ярьж хувцас нийлүүлэх хүсэлт тавьжээ. Гэвч хувцас нь хүрэлцсэнгүй. Шаардлага хангахаар хувцас хэрэглэл ч бас байсангүй. Нэгэнт дүрэм журам батлагдчихсан болохоор яана гэхэв. Нэг талаас Отгонгэрэл нарын нийгмийн ажилтнууд хамгаалалтын хувцас хэрэглэл нэхнэ. Нөгөө талаас уяачид “Байхгүй хувцсыг яах вэ дээ. Насаараа л морь уялаа. Яах ч үгүй. Яваад ирсэн ардын уламжлал” гэж дайрцгаана. Ингээд зөрчил үүслээ. Уяачид уурлаж, морины хүүхдүүд уйлж... хөгтэй л юм болж байв.  

       Гэвч, юм ингээд амархан шийдэгдчихсэнгүй. Хөдөө сумд, овооны наадамд хүүхэд морхиноос унаж гэмтэх нь байсар л байв. Ингээд морин спорт уяачдын холбоонд шаардлага тавьж, нэлээд зөрчил, маргаан болж байж  шийдэлд хүрсэн юм. Энэ хүрэх зам дардан байгаагүй. Амар, хялбар байгаагүй. Нүдний шилтэй Отгонгэрэл “Дөрвөн нүдтэй хачин амьтан” гэж доромжлуулж байсан ч удаа бий. Одоо бол байдал дээрдсээн. Уяачид хүүхдээ бүртгүүлж, хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулж мордуулдаг болсон. Энэ бол тэмцлийн үр дүн. Тэмцэнэ гэдэг зөвхөн зэр зэвсгээр дайтна гэсэн үг биш. Үйл хэрэг, үзэл бодол, үг хэлээрээ тэмцэх нь тууштай, үнэнч, сэтгэл зүрхтэй байхыг хүнээс шаарддаг юм.

       Унаач хүүхэд.. Уг нь бол язгуурын монгол хэлэнд хурдны хүүхэд, морины хүүхэд гэж хэлдэг л дээ. За энэ ч яахав, нэгэнт унаач хүүхэд гээд дээр доргүй хэвшчихсэн юм хойно. Яг үнэндээ морины хүүхэд сургууль завсардаж байна гэсэн хэл үг байнга гардаг. Отгонгэрэл ч бас энийг анзаарч, ажиглаж, судалж үзсэн. Арван гурван мянган гаруй морины хүүхдийн бүртгэл бий.  Тэдний 30  орчим  хувь болох дөрвөн мянга орчим хүүхэд сургуулиас завсардсан байна. Хичээлдээ явж байгаа боловч хичээлийн хоцрогдолтой. Энэ юу гэсэн үг вэ...? Томоос том асуултын тэмдэг. Хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй болох нь нэг том ажил байсан бол одоо хүүхдийг сурч боловсрох эрхээр хангах нь дараачийн том ажил болоод байна.

     Өнгөрсөн хугацаанд Отгонгэрэл 215 хүүхдэд үйлчилгээ үзүүлжээ. Энэ тоо болгоны цаана хүүхэд хамгааллын ажил бий. Энэ ажлын ард 215 хүүхэд ямар нэгэн байдлаар хамгаалагдаж, эрсдэлээс зайлсхийж чадсан гэдэг бодит үр дүн бий. Тэмцэл гэдэг өргөн ойлголт гэж дээр өгүүлсэн. Сэтгэлээ зориулах нь тэмцлийн нэг хэлбэр юм. Отгонгэрэл оюутан байхдаа Эмнести Интернэшнл олон улсын байгууллагад сайн дурын ажилтнаар бүртгүүлж, 30 гаруй үйл ажиллагаанд оролцож, 20 мянга гаруй гарын үсэг цуглуулалцсан байна. Гарын үсгээр яадаг вэ гэж үү...?

 Хэн нэгний хохирсон эрхийг хамгаалахын төлөө үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэж буй тэмцэл, тэмцлийн нэг хэлбэр юм.  Таталган зурсан муруй сарий гарын үсэг нэг хүн, нэг хэсэг хүний амь насыг аврах түлхүүр болж болно. Хүнд зориулсан маш бага цаг, өчүүхэн жаахан сэтгэл хүртэл хэн нэгний ирээдүйг аврах аугаа их боломжийг ямагт агуулж байдаг. Хэн нэгнийг ганц хором сонсох нь хүртэл хүний эрхийн төлөөх үйл юм.

Бэлтгэсэн: 

Д. Батцэцэг

Э.Оюунболд

Д. Дэлгэрцэцэг

 

Үзсэн: 654

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна