Монгол-Сингапурын харилцаа
Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хот төлөвлөлтөд хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Элчин сайдад талархаад айлчлалаар ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Сингапурын мэдлэгт суурилсан хөгжлийн туршилгыг Монголд нутагшуулах, авлигаас ангид засаглал, хуримтлалын нэгдсэн сан, хот төлөвлөлт, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зэрэг салбарт Сингапур улстай үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон. Элчин сайд Эрик Теогийн Монгол Улсад хийж буй энэ айлчлал хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ярьж тохирсон зүйлийг урагшлуулах, ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Эхний ээлжинд хот зохион байгуулалтын хөтөлбөр хэрэгжиж байна. Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хот төлөвлөлтөд хамтран ажиллах боломж байгааг Элчин сайд хэллээ. Нийслэл Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах, тээврийн хэрэгслийн цахим системд нэвтрүүлэх, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллаж байгааг Элчин сайд тэмдэглэв.
Үзсэн: 2972
Tweet