ОХУ-д суралцаж буй оюутнуудтай уулзлаа
Элчин сайд Ө.Энхтүвшин Воронеж хотод суралцаж буй Монгол оюутнуудын хичээл сургалт, ахуй амьдрал болон тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодлыг нь сонссон байна
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд ОХУ-ын зарим хотод томилолтоор ажиллаж, монгол оюутнуудтай уулзлаа. Тухайлбал, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ОХУ-ын Воронеж хотод хүрэлцэн ирж, тус хотод суралцаж буй Монгол Улсын иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад Воронежийн Улсын их сургууль, Воронежийн Анагаахын их сургууль, Агаарын цэргийн академи, Хууль зүйн дээд сургуульд суралцаж буй 50 гаруй оюутан оролцов. Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Энхтүвшин Воронеж хотод суралцаж буй Монгол оюутнуудын хичээл сургалт, ахуй амьдрал болон тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодлыг нь сонссон байна. Воронеж хотод суралцаж буй оюутнуудын хичээл сургалт танхимаар хэвийн явагдаж байгаа, оюутнууд сургалт, нийгмийн хангамжтай холбоотой хэд хэдэн санал хүсэлтийг Элчин сайдад уламжилж, Элчин сайд холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийлж, иргэдэд хичээл сургалтад нь өндөр амжилт хүсэв. Мөн ОХУ-ын Белгородын үндэсний судалгааны улсын их сургуулийн ректор О.Н.Похулин Элчин сайдыг хүлээн авч уулзан, сургуулийн үйл ажиллагаа, сүүлийн үеийн нөхцөл байдал, манай улсын оюутнуудын сургалтын явц байдал, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хэрхэх талаар санал солилцов. Элчин сайд Ө.Энхтүвшин Ростов-на-Дону, Таганрог, Волгоград хотод суралцаж буй монгол оюутнуудтай уулзалт хийлээ.
Үзсэн: 604
Tweet