Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо
"Миний 600 гаруй төсөл хөтөлбөр хариуцаж ажиллаж байгаагийн хамгийн том нь Монгол Улсад барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр"
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх нарыг хүлээн авч уулзав. Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр 2,3 дугаар багцын ажлыг эрчимжүүлж, 4 дүгээр багцын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлсэн юм. Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран энэ үеэр “Миний 600 гаруй төсөл хөтөлбөр хариуцаж ажиллаж байгаагийн хамгийн том нь Монгол Улсад барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр юм” хэмээгээд газрын тос боловсруулах үйлдвэрийн тулгамдсан асуудлуудыг цаашид ч цаг тухай бүрд нь шийдвэрлэж, 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа илэрхийллээ. Мөн Элчин сайд Сингх энэ үеэр тус үйлдвэрт ажиллах хүний нөөц маш чухал гэдгийг онцлоод Монгол Улсаас жилд 35 оюутан сургах шийдвэрийг 200-250 болгож нэмэгдүүлж, Энэтхэг улсад Засгийн газрын 100 хувь тэтгэлгээр сургах, төгссөн ч жил тутамд давтан сургалтад хамруулахаар болсныг Шадар сайдад уламжилсан юм. Шадар сайд С.Амарсайхан газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, шаардлагатай бүхий л арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгааг дурьдаад БНЭУ-ын Засгийн газраас гаргасан хүний нөөц бэлтгэх тухай шийдвэрийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв.
Үзсэн: 591
Tweet