БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит манай улсад айлчиллаа
Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит манай улсад айлчиллаа. Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийн энэ удаагийн айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш 20 жилийн дараа хэрэгжиж буйгаараа онцлог гэдгийг дурдаад хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой хэмээн онцлон тэмдэглэв. Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийж буй анхны айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монголын ард түмэн найрсаг, халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлэв.
Үзсэн: 574
Tweet