Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүннүгийн үеийн олдворуудтай танилцав


Densmaa 2022-08-05 10:08

Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн оршуулгын цогцолборын онцлог нь ваар сав ихээр илэрдэг явдал гэлээ

      Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Архангай аймгийн аймгийн Өгийнуур сумын нутагт орших Тамирын улаан хошуу дахь Хүннүгийн үеийн олдвор, Батцэнгэл сумын Жужаны “Их Нирун Улс” хаант улсын тахилын байгууламж, Талын гурван хэрэм, Хүннүгийн нийслэл Луут хотын туурийг үзэж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ тухай МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал Ц.Төрбат танилцуулахдаа, Тамирын улаан хошуу дахь  Хүннүгийн үеийн оршуулгын цогцолборын онцлог нь ваар сав ихээр илэрдэг явдал гэлээ. Нэг булшнаас дунджаар дөрвөн ваар сав олддог бөгөөд Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй таван төрлийн шавар, сав суулга илэрсэн нь уг дурсгалын онцгой байр суурийг харуулдаг. Түүнчлэн судалгааны өндөр ач холбогдолтой олон олдвор, хэрэглэгдэхүүн илэрсний дотор 13 дугаар булшнаас боловсруулж нүхэлсэн чонын шагай, хэлхээтэй зоос, гоёл чимэглэлийн хээ, чимэглэлтэй мөнгө, алтан ялтсууд, алтан ээмэг, бүрэн тоног хэрэгсэлтэй эмээл, төмөр бүүрэг, хазаар, амгай зуузай зэрэг гарсан гэв. УИХ-ын дарга Батцэнгэл суман дахь Жужаны “Их Нирун Улс”-ын тахилын байгууламж болон Хүннүгийн нийслэл Луут хотын туурьтай танилцуулав. 2019 оны 07 дугаар сард энэ газраас ханз бичигтэй ваар олдсон. Уг бичээсийг шанью гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг нэн даруй малтах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотолсон. Хамгийн чухал нь “Тэнгэрийн хүү-Шаньюй” гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэсэн байна. Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн “Тэнгэрийн хүү Шаньюй тэнгэр мэт өнө мөнх мянга түм насал” гэсэн бичигтэй ваар илэрсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татсан гэдгийг онцлов. Түүнчлэн 2021 оны малтлагаас хаад ноёдод, албатууд нь үнэнч байх ёстой гэсэн утга бүхий бичээстэй ваар олдсон байна. Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд, өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож, энэ нь хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачийн үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон. Хамгийн эртний, анхны давхар хэрэмтэй энэ хот нь 2000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан. Хааны зуны том ордон малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон байна.

Үзсэн: 1140

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна