“Нүүдэлчин Монгол - 2022” их наадам зохион байгуулна
Их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн гаргаж соёлын биет бус өвийг таниулан сурталчлах юм
Соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т “Нүүдэлчин Монгол - 2022” их наадам зохион байгуулах гэж байна. Их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн гаргаж соёлын биет бус өвийг таниулан сурталчлах юм. Мөн уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль болно. Монгол Улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг. Монгол Улс ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол ардын Хөөмэйн урлаг, Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Шагайн харваа, Хөхүүрийн айраг исгэх зан үйл зэрэг нийт 8 өвийг бүртгүүлээд байна.
Үзсэн: 785
Tweet