НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзав
Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг үнэлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо болж буй XXIV өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд НҮБ нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлоод Монгол Улсын Засгийн газраас “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай вакцины тусламж үзүүлсэнд талархал дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс НҮБ-ын чухал түнш гэдгийг онцолж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн хувь нэмэр болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлдгээ цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Монгол Улс “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад өөрийн улсын оруулах хувь нэмрийг тодотгосонд талархал дэвшүүлж, НҮБ-аас дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 647
Tweet