НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчтэй уулзав
2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байна
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Эваристе Коуасси-Комлан 2021 оны 11 дүгээр сард Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд дуусаж үр дүнгээ дүгнэн цэгнэж буй юм. 2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож байгаад баяртай байгаагаа сайд Л.Энх-Амгалан илэрхийлээд, хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшүүллээ. Үүнд: гурав хүртэлх насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч, интернэт холболтыг шийдвэрлэх төсөл дээр хамтарч ажиллах, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн 3 чухал асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөс хүслээ. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн 5 жилийн хугацаанд боловсролын салбарт 12 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.
Үзсэн: 749
Tweet