Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол кино НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хурлын үеэр гарна


Densmaa 2021-11-02 12:11

“Өөрчлөгдөж буй тэнгэр” кино нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Монголын тэнгэр, газар өөрчлөгдөж, айл өрхүүд өвөг дээдсийнхээ нутгаас хот суурин газар руу нүүхэд хүрч байна. Зуд, ган, цөлжилт, ой хээрийн түймэр зэрэгт өртсөн ч хэн ч анзаардаггүй Монголын олон арван мянган өрхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт нь хаа холын мэдээ биш, өнөөгийн бодит байдал болоод байна. 

Чухам энэ тухай өгүүлэх “Өөрчлөгдөж буй тэнгэр” нэртэй богино хэмжээний баримтат киног Шотландын Глазгоү хотноо болж буй дэлхийн уур  өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын Талуудын 26-р бага хурлын үеэр танилцуулах гэж байна. Энэхүү кинонд нийгмийн төлөөлөл, ялангуяа хүүхдийн байр сууринаас монголчуудын өмнө тулгарч байгаа асуудал, сорилтыг харуулжээ.  

Эдгээр хүүхдүүдийн нэг нь агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Ану-Үжин бөгөөд түүний сэтгэл хөдөлгөм яриа томчуудад байгаль дэлхийг хамгаалах үүрэг хариуцлагыг нь  сануулж байна. 

"Зөвхөн би ганцаараа ийм айдастай байдаг гэдэгт итгэхгүй байна. Миний бодлоор дэлхийн бүх хүүхэд адилхан айдастай байгаа байхХэдий хүүхдүүд бид айж байгаа ч ямар нэг арга хэмжээ авах ёстой. Хүүхдүүд бидэнд хүч чадал бий, бид хийж чадна, хүүхдүүд оролцсоноор бидний дуу хоолой дэлхийг өөрчилнө гэдэгт би итгэдэг" гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн YOUCCAN хөтөлбөрийн идэвхтэн Ану-Үжин хэлсэн юм. 

 Ану-Үжин болон Монголын нийгмийн төлөөлөл оролцсон “Өөрчлөгдөж буй тэнгэр” кино нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл хэрэгт дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Засгийн газар, бизнес эрхлэгчдийг зөвхөн яриад байх бус  бодлого,  хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа тодорхой өөрчлөлт хийхийг уриалж байнаГлазгоү хотод болж буй дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөллүүдийн уулзалт, хэлэлцээрийн үеэр тэр бүр сонсоод байдаггүй хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх  зорилгоор энэ киног бүтээсэн юм. 

“Хөдөөний малчид маань уламжлалт нүүдлийн аж ахуйгаа эрхэлж байдаг тул байгалтайгаа нягт холбоотой байдаг. Дэлхийн дулаарал нь усны хомсдол, цөлжилт, бэлчээрийн доройтлыг бий болгож, үер, ган, зуд зэрэг гамшигт үзэгдлүүдийг даамжруулж, хүн ам, үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна. Үүнээс хүүхдүүдээ хамгаалахын тулд бид тэднийг мэдлэгтэй, мэдээлэлтэй, дасан зохицох чадвартай болгож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай болгох хэрэгтэй,” гэж Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Батмөнхийн Наранбаяр хэлэв. 

Дэлхийн нэрт эрдэмтдийн хамтран гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх саяхны Тайланд хүлэмжийн хий болон байгаль орчинд үзүүлэх бусад хор хөнөөлийг яаралтай бууруулах арга хэмжээ авахыг засгийн газар, олон нийтэд уриалан шаарджээ. 

Үзсэн: 950