Монгол Улс, ЕСБХБ-тай байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааг байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт 116 төсөлд 2.2 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийг олгож, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн талархал илэрхийллээ. ЕСБХБ нь Монгол Улсад санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Хатагтай Сюзанна Харгитай цаашид хамтын ажиллагааг цахим шилжилт, ногоон хөгжил, хувийн хэвшил, нэн ялангуяа залуу бизнес эрхлэгчдийн оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа хэлжээ. ЕСБХБ-ны зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нэн ялангуяа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд туршлага хуваалцаж, тодорхой судалгаа гаргаж хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгал, ногоон хөгжлийн асуудал бол дэлхий нийтийн асуудал гэдгийг онцолж, Монгол Улс ДНБ-ий нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг хэрэгжүүлж, тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлснээ дурджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтаар ярилцсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлд ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ тодотгосон байна.
Үзсэн: 730
Tweet