Монголын сэтгүүлийн хөгжил
1913 оны 3 сарын 6-ны өдөр Цэвээн тэргүүтэй сэхээтнүүдийн эрхлэн гаргаж байсан “Шинэ толь” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн өдөр хэмээн үздэг.
Иймд 3-р сарын 6-ны өдрийг 1992 оноос хойш “Үндэсний сэтгүүлзүйн өдөр” болгон улс даяар тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
1992 оноос хойш буюу 29 жилийн хугацаанд Монгол Улсад чөлөөт сэтгүүлзүй бүрэн утгаараа хөгжих хөгжлийн шатандаа орсон. Өнөөдрийн байдлаар манай улсад 400-аад хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагаас бүгд олон нийтийн статустайгаар хөгжиж байна. Нэг үгээр хэлбэл төрийн мэдэлд ганц ч мэдээллийн хэрэгсэл байхгүй гэсэн үг юм.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” аяныг өрнүүлж байгаагаас үзэхэд хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь дан ганц хэвлэл мэдээллийн салбарынхны эрх чөлөөний асуудал бус, иргэдийн мэдэх эрхийг хангах илүү өргөн цар хүрээтэй ойлголт юм гэж үздэгтэй холбоотой юм.
Та бүхэнд бид Монголын сэтгүүл зүйн хөгжил тэр дундаа “Сэтгүүл”-ийн хөгжил ямар түвшинд яваа талаар өгүүлэхээр бэлтгэлээ.
Өнөөдөр монгол улсад тогтмол хэвлэгддэг олон арван сэтгүүлээс “Монголчууд” сэтгүүлийг сонгон авч энэ сэтгүүлээр дамжуулан тэдгээрийн хөгжлийн асуудлыг хөндөж байгаа юм аа. Манай нэвтрүүлгийн хойморт “Монголчууд” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Даваасүрэнгийн Ган-Очирыг урьж оролцуулж байна.
Д.Ган-Очир: Өнөөдөр монголын сэтгүүлүүдийн төлөөлөл болгож Монголчууд сэтгүүлийг урьж нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад баяртай байна. Монголчууд сэтгүүл 2013 оны 11 сард анхныхаа дугаараар уншигч олонтойгоо уулзсан. Даруй найман жилийг ардаа орхижээ. Сэтгүүлээ гаргахын өмнө эхлээд монголд гарч байгаа бүх сэтгүүлүүдийн нийтлэлийн бодлого, өнгө үзэмж, чанар чансааг судалсан. Миний орох орон зай байгаа эсэхийг хайсан. Эрсэний эцэст олсон. Сэтгүүл гэдэг үг мааньөөрөө монголчуудын сэтгэх, бодох, сэхээрүүлэх, танин мэдүүлэх гэсэн үгнээс гаралтай юм. Үүнийг тогтоож мэдсэн манай эрт үеийн бичгийн мэргэд болох Ренчин, Дашдэндэв бусад нэрт зохиолчид тухайн цаг үеийн монголчуудад танин мэдүүлсэн, ухааруулсан сэтгүүлүүдийг гаргаж байсан байдаг. Эдгээрийн үргэлжлэл байх бодлого бүхий “Монголчууд” сэтгүүлийн түүх ийм юм аа.
Хуучин тогтолцооны үед Монгол улсад мөн олон тооны сэтгүүлүүд хэвлэгддэг байв. Намын гишүүдэд зориулсан “Намын амьдрал” сэтгүүл, Хүүхдийн “Залгамжлагч” сэтгүүл, Урлаг уран зохиолын “Цог” сэтгүүл, “Монголын эмэгтэйчүүд”, “Зөвлөлт холбоот улс” зэрэг олон сэтгүүлээс гадна орчуулгын сэтгүүлүүд ч хэвлэгддэг байсан. Харин 1990 оноос манай орны нийгэм улс төр, ард түмний оюун сэтгэлгээ, үзэл бодолд эрс өөрчлөлт гарсан юм. Эн тэргүүнд сэтгүүл зүйн салбарт урьд өмнө нь байгаагүй асар их өөрчлөлтүүдийг авч ирлээ. Энэ өөрчлөлтийг монголын сэтгүүл зүй түүчээлсэн юм. Өөрчлөлтийн үер дүнд салбарын түүхэнд байгаагүй асар олон тооны сэтгүүл, сонин, телевиз радио нээгдэж, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Уг үйл явдлаас харахад хүн төрөлхтөнд эрх чөлөө хичнээн үнэтэй, үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ямар хэрэгтэйг харж болноо.
Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэйг шинэ үндсэн хуулиндаа зарлан тунхагласан нь үүний гэрч юм.
Нэгэнтээ монгол хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр бүрэн хангагдсаны тул хэвлэн нийтлэгч бүр шахам сонин сэтгүүл гаргах болсон ч цагийн эргэлт, зах зээлийн зарчим ёсоор энэ цагт цөөн тооны сонин сэтгүүлүүд шигшигдэн үлджээ. Сэтгүүлчдийн ур чадварт ч өөрчлөлт орж мэргэших чиглэл рүүгээ явж байна. Өнөөдөр Улс төр, Эдийн засгийн, Спортын, Анагаах ухааны, Эрэн сурвалжилах сэтгүүл зүйн төрлүүд хөгжиж байна.
Сэтгүүлүүд ч мөн өөр өөрийн гэсэн урсгал чиглэлийг барин хөгжиж байна.
Д.Ган-Очир: Өнөөдрийн монголын сэтгүүлийн орон зай, зах зээлийг харж байхад борлуулалт руу хэт анхаарсан, өнгө хэт гялгар гэх үзэмж талаас хандсан байгаа нь ажиглагддаг. Би энэ орон зайнаас зугтсан. Миний эзлэх орон зай бол урлаг, утга зохиол, монголчуудын түүх, өв соёл, танин мэдэхүйг чухалчилсан байхаар тооцож нийтлэлийн бодлогоо боловсруулсан. Сар тутмын сэтгүүл маань амжилт олсон. Байнгын уншигчтай, идэвхтэн бичигтэй болсон. Сэтгүүлийнхээ нийтлэлийн бодлого ба дотоод хүч, цар хүрээгээ тэлэхэд минь үе үеийн ахмад зохиолчид, сэтгүүлчид хийгээд жирийн уншигчид маань үнэтэй зөвөлгөөг өгсөөр байна. Цар тахалын нөхцөл байдлаас ч юм уу ганц нэг сар өнжих болоход уншигчид маань зэмлэнгүй хандаж байна. Яагаад дугаар алгас ч байна, яагаад сар өнжих болов гээд. Ийм их итгэл найдвар, эргэх холбоон дунд Монголчууд сэтгүүл улам өнгө будаг нэмсээр байна.
Түүхэн цаг хугацаанд монголын сэтгүүл зүйн салбарт төдийгүй хэрэгцээт иргэдэдээ өөрийн үүргээ чадварлаг гүйцэтгэсэн “Намын амьдрал” ч юмуу эсвэл “Зөвлөлт холбоот улс” зэрэг сэтгүүлүүд түүх болон үлдсэн. Эдгээр захиалгын гэж хэлж болох сэтгүүлүүдээс өмнө буюу 1944 онд анхныхаа дугаарыг гаргаж эхэлсэн “Цог” сэтгүүл гэж бий. Монголын Зохиолчдын Эвлэлээс эрхлэн гаргадаг Урлаг уран зохиолын “Цог” сэтгүүлийн маань эрэлт хэрэгцээ өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна. Тэр хэрээр олон мянган уншигчтай, эдийн засгийн хувьд ч бүрэн хөл дээрээ тогтсон энэ сэтгүүл цаашид ч олон арван жилээр тасралтгүй хэвлэгдэж өөрийн уншигчдынхаа оюуны хэрэгцээг хангасаар байх нь ээ.
Ардчилал, чөлөөт зах зээлийн үед сонин сэтгүүл, радио телевизийг мөнгө олох найдвартай хэрэгсэл хэмээн үзэж байсан бизнесмэнүүд энэ салбараас явж эхлээд байгаа нь хамгийн том дэвшил болоод байна.
Гэхдээ бүрэн цэвэршээгүй гэдэг нь тодорхой. Өнөөдөр томоохон сонин, радио телевизийн ард улс төрчид болон тэдгээрийн гар хөл болсон томоохон бизнесмэнүүд байсаар байна. Харин энэ завсар хамгийн нэр цэвэр хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр “Сэтгүүл” тодорч байна.
Сар юмуу улиралд нэг гардаг сэтгүүлийг тэд ойшоохгүй байгаа нь нэр цэвэр, бодол нь тунгалаг байж өөрийн жамаар хөгжих шимт хөрс нь болоод байна.
Д.Ган-Очир: Монголын зохиолчид, монголын сэтгүүлчид аль ч цаг үед ажлаа хийдэг. Яагаад цаг хугацаандаа ажлаа хийдэг вэ гэхээр бид аливаа цаг хугацааны түүчээн юм. Түүчээн ч байсаар ирсэн. Бид цаг үеээ нуруундаа үүрч давж чадахгүй бол ирээдүйн уншигчид болоод өвөг дээдэсдээ юу хэлж очих юм билээ. Бид уншигчдаа соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиг үүргээ биелүүлэхгүй, тэднээсээ ядаж нэг хоёр алхамын урьд явж чадахгүй юм бол сэтгүүлч гэж яваад сэтгүүлчийн үнэмлэхийг өвөртөлж явахаас ичих хэрэгтэй. Үе үеийн зохиолчид, сэтгүүлчид энэ чиг үүргээ амжилттай авч яваа гэдэгт итгэдэг. Цаашид ч авч явна гэдэгт найддаг. Өнөөдөр даяарчлал, дэлхийчлэл нэрийн дор цахим ертөнцөөр нэг хар бараан өнгө, хэрүүл тэмцэл гээд хүнээс гарах 13 ад, 88 зэдийн хорлол бүгд бий. Түүнийг уншиж, шимтэж тархи, оюунаа хордуулж байхаар хэвлэмэл байдлаар хүний эвдрээгүй тархи оюунаар бүтсэн сонин сэтгүүлээ уншиж гэгээрч, мэдлэгжиж явах нь илүү зохилтой. Ялангуяа монголынхоо агуу их түүх өв соёлыг танин мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж бусад улс орны ахан дүүстэйгээ хуваалцах шиг сайхан юм хаана байна.
Монголчууд оюун санааг дээдлэгч, хөх тэнгэрийг шүтэгч ард түмэн. Оюуны их өв хөрөнгө болсон шүлэг зохиол, үүх түүхээ хаданд сийлж, цаасан дээр 9 эрдэнээр урлаж үлдээсэн өвөг дээдэстэй ард түмэн юм. Үүнийг бид мартах учиргүй, таслах эрхгүй билээ.
Интернет гарч ирснээр дэлхий даяар хэвлэмэл материалын зах зээл нэг хэсэг уналтанд орсон. Олон ч сонин хэвлэл хаагдсан. Дэлхий дээрх бүх хэвлэмэл материалууд нийлээд 100 тэрбум долларын эргэлттэй гэж үздэг. Гэтэл Амакон, Гүүгл л гэхэд тус бүрнээ 300 тэрбумын эргэлттэй шүү дээ. Гэхдээ сүүлийн үед тэр уналт саарах байдал руугаа орж байна. Тэр ч байтугай хэвлэмэл сонин, сэтгүүлийн зах зээл эргээд тогтворжих хандлагатай болоод ирлээ. Интернетээр л гарна гэж байсан "The Newsweeк" сэтгүүлийг л гэхэд хэдийнээ хэвлээд эхэлсэн байна. Бодит цаасан юмаа барьж унших соёл амар алга болчихгүй юм байна гэдгийг харуулж байна. Энэ давалгаан дунд монголын сонин сэтгүүлүүд ч мөн интернэт хэвлэлийн зах зээл рүү аажимаар орсон. Гэвч хөгжлийнхөө түүхэн гараан дээрээ дөнгөж гарч ирсэн цахим хэвлэл байр сууриа эзлэхэд төвөгтэй байгаа нь тэдгээрийн өнөөгийн үр дүн, дүр төрхөөс харж болохоор байна.
Өнөөдрийн аажимаар эхэлсэн энэ хурд хэзээ нэгэн цагт эрчээ аван хурдлах болно.
Тэр цагт өнөөдрийн эхлэл нь ирээдүйн хөгжлийн их хурдын гараа, бэлтгэл нь байсан гэж үзэх болно оо.
Д.Ган-Очир: Монголын сэтгүүл зүй тэр дундаа сэтгүүлийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаа. Амьдралын урсгал нэгэн үе давалгаалж, нэгэн цаг үед тасрах, тасалдах үе байдаг шүү дээ. Манай монголд нэгэн үе нохой орон дээр ном газарт байсан хэсэгхэн хугацаа байлаа шүү дээ. Энэ үед ном уншдаггүй нэгэн бүхэл бүтэн үе бий боллоо гэж улс орон даяар шуугисан. Гэтэл цагийн эргэлтээр шинэ давалгаа үүслээ. Та нар хар л даа. Улаанбаатар хотод хаа сайгүй ямар олон сайхан номын дэлгүүрүүд үүд хаалгаа нээж байна вэ. Ямар их олон зохиолчид, яруу найрагчид шүлэг зохиолоо тэдэнд зориулж бичиж байна вэ. Ямар олон орчуулагчид гадаадын сонгодог бүтээлийг эх хэлэн дээрээ сорчлон буулгаж байна вэ. Энэ юуг хэлээд байна. Мэдээж шинэ цаг, шинэ үе эргэн ирж байгааг зөгнөж байгаа юм. Үүнтэй нэгэн адил монголын сэтгүүл зүйн хөгжил улам эрчимжих болно. Өнөөдөр монголд цахим сонин мянга орчим, цаасан хэвлэмэл сонин 100 орчим гэх ч тогтмол нь 20-30 орчимд эргэлдэж байна. Сэтгүүл тогтмол гэдэг талаас нь харвал 20 орчим сэтгүүл идэвхтэй байна. Бусдыг мэдэхгүй байна гэж шүүмжлэхээс илүү мэдэж байгаагаа бусадтайгаа хуваалцах эрдэмд хүн болгон суралцах ёстой. Би өөртөө ийм шаардлага тавьдаг тул сэтгүүлээрээ дамжуулаад мэдэж байгаагаа бусдадаа зааж сургах, соён гэгээрүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ бол миний том боломж, хүсэл сонирхол, миний мөнхийн уриа дуудлага юм аа.
Монгол улсад өнөөдөр Нийгэм улс төрийн "Тайм", мэдээ мэдээллийн тойм, гэр бүлд зориулсан гэр бүл хөгжил, газар тариалангийн "Ургадаг алт", Монгол агрономч, малчдад зориулсан "Монгол малчин", нийтлэл уран сайхны "Монголчууд", "Тусгаар тогтнол", бизнес, худалдааны "Гоёл", чөлөөт нийтлэл уран сайхны "Соронз", "Зиндаа" зэрэг сэтгүүлүүд тогтмол уншигч олондоо хүрсээр байна. Эндээс харахад нийтийг хамарсан гэхээсээ илүүтэй тодорхой нэгэн зүг рүү чиглэсэн тэдний хүсэл сонирхолыг татсан бодлого бүхий сэтгүүлүүд гарч байгаа нь харагдаж байна.
Өдөр тутмын сониныг бодвол сэтгүүлийн бодлого нь илүү тогтвортой, илүү гүнзгий утга агуулагатай байдаг тул уншигчид нь ч тогтвортой, мэдлэг боловсролоор бусад хэвлэлийн уншигчдыг бодвол харьцангуй өндөр байдаг нь ажиглагддаг. Нэгэнт олж авсан уншигчидаа алдахгүйн тулд сэтгүүлийн сурвалжлагч нар ч илүү соргог, мэргэшсэн хандлагатай болсон байдаг.
Нэг үгээр хэлбэл улиралд нэг удаа гардаг сэтгүүлийн сурвалжлагч урьд бичсэн нийтлэлээрээ дамжуулан дараагийн шинэ дугаар очтол уншигчдаа тогтоон барьж байна гэдэг амаргүй. Тэгэхээр ур чадвараас гадна уншигчдаа мэдрэх, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг хүний хүсэл сонирхолыг урьдчилан таньж байх шаардлага зүй ёсоор тавигдана.
Д.Ган-Очир: Дэлхийг хүч чадал оюун ухаанаар эрхшээж байсан өвгөдийнхөө түүх, ертөнцөд нэн хэрэгтэй өв соёлыг эргээд дэлхий рүү цацах, танин мэдүүлэх, шинжлэх ухааны эргэлтэнд оруулах шаардлага, хүсэл эрмэлзэл бидэнд байна. Үүний төлөө ажиллаж галд нь цучил нэмчих юмсан хэмээн зүтгэж байна. Энэ үйл хэргийн төлөө бусадтайгаа хамтран зүтгэж байгаа минь миний хувь зохиол, баяр баясгалан юм гэж боддог.
Хүн өөрийнхөө дуртай зүйлд цаг хугацаа, бүтээл юугаа зориулан гэдэг яасан сайхан юм бэ гэдгийг өөрийн биеэр үзэж явна аа.
Зуу гаруй жилийн түүхэн уламжлалтай Монголын хэвлэл мэдээллийн түүх тэр дундаа сэтгүүлийн хөгжил, цаашдын чиг хандлага гэвээс ийм байна.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хэвлэл мэдээлэлтэй байх төр хийгээд олон нийтийн хүсэл эрмэлзэл ч өндөр байна.
Үзсэн: 2086
Tweet