Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

2021-2022 оны хичээлийн шинэ жил


Densmaa 2021-09-03 12:09

Монгол улс 100 дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. 2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно.

     Монгол орон бол хүүхэд залуучуудын орон юм. Тиймдээ ч төр, засгийн зүгээс хүүхэд залуучуудынхаа оюуны болон бие бялдарын хөгжилд ихээхэн анхаардаг билээ. Анхаарал халамжийн үр дүнд хүүхэд залуучууд маань тив дэлхийн дэмжээнд зохиогддог оюуны болон спортын тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор байна. Нэгэн үе залуу эхчүүдийн төрөх төрөлт багассан тал бий боловч засгийн газрын удаа дараагийн оновчтой бодлогын үрээр жил ирэх бүр эхийн төрөх төрөлт нэмэгдэж эх хүүхдийн эндэгдэл буурсаар байна.

Манай улс хүн амын бичиг үсэгт тайлагдсан байдал болон их дээд сургуульд элсэн суралцдаг тоон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг.

2019 оноос эхэлсэн цар тахалын нөлөөгөөр монгол улсын боловсролын системд доголдолд үүсч ялангуяа сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хичээл сургалтын хоцрогдол ихээр гарах болсон юм.

Хоцрогдолыг энэ хичээлийн жилд хэрхэн бууруулах, цаашлаад хэвийн горимдоо ямар арга замаар орох, нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах гээд олон асуудал энэ салбарт үүсээд байна. Энэ чиглэлээр бид нэвтрүүлэгтээ БШУЯ-ны  сайд Л. Энх-Амгалан, бага, дунд боловсролын газрын дарга Ням-Очир нарыг нэвтрүүлэгтээ урьсан юм. Одоо та бүхэн Монгол улсын боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар сайд Л. Энх-Амгалангийн ярьсан ярианд анхаарлаа хандуулна уу.

     Л.Энх-Амгалан: Шинээр томилогдсон сайдын зүгээс харж байхад монголын нийгэмд тулгамдаад байгаа бүхий л асуудлуудын зангилаан Боловсролын салбарт байгаа юм биш биз дээ хэмээн үзээд байгаа. Нэг үгээр хэлбэл өнөөдөр үүсээд байгаа ажилгүйдэл, ядуурал, баян хоосоны ялгаа, авлигал, тэгш бус байдал зэргээс харж болох юм. Тэгэхээр бид боловсролынхоо тогтолцоог их зөв авч явсан бол өнөөдрийн ийм байдалд хүрэхгүй байсан хэмээн харж байна.

Тухайлбал их дээд сургууль төгссөн байгаа гурав нь хүүхэд тутмын 1 ажилгүйдлийн эгнээнд шилжээд байдаг. Гэтэл нийт хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхэд их дээд сургууль төгссөн хүнийхээ тоогоор тэргүүлэх хэмжээнд хүрсэн зэрэг олон асуудал, хүлээлт сорилтууд үүсээд байна.

Өнөөдөр бид боловсролын системдээ шинэчлэлийг хийлээ гэхэд өргөс авсан мэт амархан илааршихгүй. Яагаад вэ гэхээр боловсрол, шинжлэх ухааны салбарын өөрчлөлт олон жилийг зарцуулж үр дүн гардаг өвөрмөц салбар юм л даа.

Нэг талдаа миний хувьд энэ асуудлыг ихэд олзуурхан хүлээн авч байгаа. Учир нь яг энэ эгзэгтэй, өөрчлөлт шинэчлэлийг хийх босгон дээр энэ албыг хүлээж авсандаа баярлаж байгаа.

      Ерөнхий боловсрол нь боловсролын тогтолцооны хамгийн чухал үе шат юм. Энэ ч утгаараа дэлхийн улс орнууд дээд боловсролоос илүү ЕБС-ийнхоо хичээл сургалтанд илүү их анхаарал халамж тавьдаг. Ерөнхий боловсролын үе шатанд хүн насан туршид хэрэглэх онол, практик мэдлэг, нийгэмд амьдрах дадал, дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэгийгээ олж авдагт байгаа юм.  Өнөө үед бага боловсролтой хүний тоо дэлхий дахинд эрчимтэй нэмэгдэж байна. Харин суурь боловсролтой болон бүрэн дунд боловсролтой хүний тоо төдийлөн өсөхгүй байсаар байгаа юм. Иймд дэлхий нийтээр энэ шатны боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч байна.

Монгол улсад өнөөдөр бүрэн дунд боловсролтой эрэгтэйг, боловсролгүй болон бага боловсролтой эрэгтэйтэйгээ харьцуулахад сарын дундаж цалин нь 6.5 хувиар өндөр байна. Харин бүрэн дунд боловсролтой эмэгтэйг, боловсролгүй болон бага боловсролтой эмэгтэй хүнтэй нь харьцуулахад сарын дундаж цалин 15.9 хувиар илүү байна гэсэн судалгааг судлаачид гаргажээ.

Тэгэхээр Монгол улс хүүхэд залуучуудын орны хувьд хувь хүний хөгжил, боловсрол дээр нь түлхүү анхаарахаас өөр аргагүй. Хоёр жил шахамын хичээл сургалтын хоцрогдолыг арилгаж байж сая монгол улс ирээдүйн хөгжил цэцэглэлт ярих болоод байна. Өнөөдрийн нээсэн шинжлэх ухааны ололт амжилт болоод мэдлэг боловсролын ахиц дэвшил эсвэл хоцрогдлын үр нөлөө нь хожим хойноо гардаг талаар ч сэрэмжлүүлсээр байна. Тиймийн тул монголын боловсролын салбарын хоцрогдолыг үе шаттайгаар арилгах нь энэ салбарынханы эхний ээлжинд хийж хэрэгжүүлэх ажлуудын нэг болоод байна.

      Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд монголын боловсролын салбарт том хоцрогдол үүслээ. Нэг хоёрдугаар ангийхан хичээлдээ явалгүй бараг хоёр жилийн нүүрийг үзлээ шүү дээ.  Бараг л сургуулиа мэдэхгүй багшийнхаа царайг бодит байдлаар нь хараагүй гэхэд болно. Сүүлд хийсэн судалгаанаас үзэхэд улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдол оржээ. Эдгээр хүүхэд ямар учираас хоцрогдолд орсон бэ гэхээр интернэтгүй, гар утасгүй нэг үгээр хэлбэл амьдралын бололцоогоор тааруу иргэдийн хүүхдүүд байн аа гэсэн дүн шинжилгээг хийсэн. Улсын хэмжээнд бага дунд боловсрол эзэмшиж байгаа 650 орчим мянган хүүхэд бий. Энэ тоотой 174 мянгийг харьцуулаад үзэхэд өндөр тоо гарч байгаа юм. Эдгээр хүүхдүүдийн хичээлийн хоцрогдолыг нэн яаралтай арилгах, нөхөхгүй бол хожим 174 мянган үл мэдэгч, боловсролгүй иргэд төрөн гарах нь ээ.

Энэ асуудлыг бид томоор  харж байгаа.

Өнгөрсөн бэрх цаг үед тэнхимийн хичээл сургалтаа хаасан улс орон цөөхөн юм билээ. Манай улс эрсдэлээ зөв тооцьё хэмээн бодсон байх л даа. Иймийн тул бид хичээл сургууль эхлэхээс нэг хоногийн өмнө гэлээ хичээлээ нээх юмсан хэмээн шамдаж байна.

Судалгаанаас үзэхэд хүүхэд нэг хичээлийн жилд 160-185 хоног тэнхимээр сууж эзэмшвэл зохих мэдлэгийнхээ 70-80 хувийг олж авдаг байна.

Гэтэл удаа дараагийн хөл хорионоос болж манай улсын нийт хүүхэд 120-130 хоногийн тэнхимийн сургалтанд хамрагдаагүй байна. Эндээс үзвэл дээр хэлсэн 174 бүү хэл бид ч нийт масаараа  хоцрогдолд орсон юм байна шүү дээ гэж харах болсон. Энэ хүндрэл бэрхшээл ганц манай улс оронд үүсээд байгаа асуудал биш л дээ. Ер нь ихэнх улс орнууд хичээлийн шинэ жил эхлүүлэхдээ ямар байдлаар эхлүүлэх вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм билээ. Өнгөрсөн хугацаанд болсон эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдэв энэ байлаа.

       Ковид-19 цар тахалын нөхцөл байдал манай улсад хүнд хэвээр байна. Хичээл сургалт эхэлж байгаатай холбогдуулан өдөрт гарч байгаа өвчлөлийн тоо энэ сарын дунд үе гэхэд огцом нэмэгдэнэ хэмээн эрүүл мэндийн байгууллагаас  анхааруулсаар байна. Хэрэв өвчлөл буурахгүй сурагчдын дунд халдвар тархсан үед боловсролын салбар ямар хувилбарт шилжих вэ гэдэг нь чухал. Энэ талаар богино хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан боловсролын байгууллагаас цахим буюу тэнхимийн бус сургалтанд бүрэн шилжиж ажиллах боломжтой хэмээн үзэж байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэнхимийн бус сургалтын үеэр хэд хэдэн алдаа дутагдал гарсан тухай ч тэд дурьдаж байна. Хамгийн том алдаа нь амьжиргааны түвшингээсээ шалтгаалаад хичээл сургалтандаа хамрагдаж чадахгүй байгаа, улмаар “хоцрогдолтой” хэмээх ангилалд багтсан сурагчдын асуудал юм. Энэ талаар сайд Энх-Амгалан ярихдаа:

     Л.Энх-Амгалан: Улсын хэмжээнд хичээлийн хоцрогдолд орсон хүүхдүүдээ ялган авч  багшид багаахан ачаалал өгч энэ хоцрогдолоос гарах талаар ярьж байна.  Гэхдээ 1-3 дугаар ангийн багш гэхэд монгол хэл, математикийн хичээлээ заадаг байгалийн шинжлэл зэрэг  хичээлийг бусад мэргэжлийн багш нар заах юм. Нэг ёсондоо бага  ангийн үндсэн багш нарт хэт их ачаалал өгөхөөс зайлсхийж ачаалалыг бусад багш нарт тэнцвэртэй байлгах мөн эцэг эх болоод хүүхдэд ч мөн хэт их ачаалал үүрүүлэхээс зайлсхийх арга хэмжээнүүдийг авч байна. Ер нь боловсролын хоцрогдол нь нэг жилдээ арилна гэж үзэхгүй байна. Аажим аажимаар чухал чухал хичээлүүд дээр болон 5, 9, 12 дугаар  анги буюу төгсөх ангийн  хүүхдүүдийн элсэлтийн шалгалтын хичээлүүд дээр илүү анхааран ажиллах шаардлагатай. Сургуулийн өмнөх боловсрол гэхэд 5 настай хүүхдийн боловсролд бид түлхүү анхаарах  жишээтэй. 

     Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. Энэ 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 280 гаруй сургуульд 34 мянга гаруй сурагч суралцана.  Үүнээс нэгдүгээр ангид  40 мянга гаруй сурагч элсэн суралцана. Харин 700 шахам цэцэрлэгт 11 мянга гаруй хүүхэд хамрагдана.

Цар тахлын тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлж байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

...Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр сургуулийн өмнөх боловсролд 4-5 насны хүүхдийг хамруулж, нэг ангид дээд тал нь 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ. Хичээл цахим болон танхим гэсэн хосолсон хэлбэрээр явагдана. Хэрэв цэцэрлэгийн аль нэг бүлэгт халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн бүлгийг тусгаарлах юм. Цэцэрлэгийн нэг давхарт болон гурваас дээш ангид халдвар батлагдвал тухайн цэцэрлэгийн танхимын сургалтыг тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийхээр төлөвлөөд байна. Харин 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй. Учир нь боловсролын хуульд сургуулийн өмнөх боловсролыг 4-5 насанд олгоно хэмээн заасан байдаг.

       БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир: БШУЯ-аас өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд хичээл сургалтыг үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах сургалтуудыг явуулж дууслаа. Нийт орон нутаг болон  талаар аймаг нийслэл ЕБС-ууд нь БШУ-ны сайдын А-17 дугаар тушаалаар батлагдсан түр журамд заасны дагуу тэнхимийн болон тэнхимийн бус хичээлийнхээ хуваарийг гаргаж мөрдөөд байна. Мөн Боловсролын хүрээлэнгийн захиралын зөвлөмж гарсан. Эдгээртэй холбогдуулан хичээлийн хуваарь, цагийн тооцоог хэрхэн гаргах арга аргачлалыг багш нартаа мөн хүргүүлсэн байгаа. Хичээлийн хуваарийг сурагчид, эцэг эхчүүдэд цахимаар хүргэсэн. Энэ хуваариас үзвэл сурагчид тэнхимийн болон гэрээр гэсэн хоёр зарчимаар хичээл сургалтанд хамрагдана. Хичээлийн шинэ жилийн өдөр тэнхимийн бусаар хичээллэх хуваарьтай хүүхдүүд гэрээсээ цахимаар холбогдож хичээл сургалтандаа хамрагадана аа гэсэн үг юм. 

     Ерөнхий боловсролын сургуулийн тухайд амны хаалттай хичээллэх боломжгүй практикын хичээлүүдийг зөвхөн онолоор заахаас өөр сонголтгүй. Тухайлбал, биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг онолоор заана. Сургуулийг 5/9 зарчмаар хичээллүүлж, анги дүүргэлт, ариутгал халдваргүйтгэл тал дээр онцгой анхаарна. Цар тахлын улбар шар түвшинд сургууль, цэцэрлэг танхимын болон цахимаар хичээллэхээс өөр оновчтой хувилбар одоогоор байхгүй байна. Бид боломжоороо танхимаар хичээллэх зөвлөмжийг өгсөөр байгаа гэж тус яамнаас мэдэгдэж байна.  

Харин эрүүл мэндийн яамнаас халдварын  тархалтыг хумих талаас гэхээс илүүтэй эрсдэлийг бууруулах, тархалтыг саармагжуулах аргыг хэрэглэх нь оновчтой гэж үзэж байна. Хэрэв сургууль, цэцэрлэгийн орчинд халдварын тохиолдол батлагдвал цахимаар хичээллэж, зургаа дахь хоногт шинжилгээ авна. Ойрын хавьтлууд болон эцэг, эхээс шинжилгээний мөнгө авахгүй гэж мэдэгдэж байна.

    БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир: 2021-2022 оны хичээлийн жилийн эхний нэг сар буюу 9 дүгээр сар бол өнгөрсөн жилийн сургалтын бататгах хичээлийн сар байна. Бататгах хичээлийн арга аргачлалыг мөн багш нартаа хүргүүлсэн. Аливаа хүүхэд цаашид амжилттай сурахын үндэс нь өнгөрсөн цаг үед сурсан эрдэм мэдлэгээ мартаагүй буюу төгс байдлаар эзэмшсэн байх учиртай. Энэ нь цаашаа уг хүүхдийн эрдэм мэдлэг, ажил амьдралынхан суурь нь болдог.

БШУ-ны яаманд эцэг эхчүүдээс ирж байгаа гомдол бол хүүхдүүдийг улирааж буюу өнгөрсөн жилийн ангид нь дахиж сургах гэсэн хүсэлт гомдлууд байгаа. Харин бидний барьж байгаа бодлогоор бол өнгөрсөн жил бид тэнхимээр болон тэнхимийн бус сургалтаар бүх агуулгаа хүргэсэн гэж үздэг. Харин үүнийгээ бататгах арга хэмжээг энэ 9 дүгээр сард авна гэсэн бодлого барьж байгаа. Иймийн учир анги бууруулж хичээл сургалт явуулна гэсэн ойлголт байхгүй ээ. Хүүхэд бүр анги дэвшинэ. Харин хичээлийн хоцрогдолтой бол арилгах бодолго л бидний зорилт болж байгаа юм. Бидний бөоловсруулсан журмаар бол хүүхэд бүр тэнхим болон тэнхимийн бус сургалтуудад хамрагдахад ямар нэгэн давхцал үүсэхгүйгээр боловсруулсан бий.

      Дельта вирусийн тархалт нэмэгдвэл 4/10 зарчмаар буюу дөрвөн хоног танхимаар хичээллэж, 10 хоног зайнаас хичээллэнэ. Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийдэх юм. Харин гурваас дээш бүлэгт хоорондоо хамааралгүйгээр халдвар гарсан тохиолдолд долоо хоног цахимаар хичээллэж, шинжилгээ авна гэлээ.

Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ. Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжих юм. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглаж, нэг чигийн урсгалыг баримтлах юм байна. Тиймээс танхимын сургалтын үеэр хүүхдэд тавих эцэг, эхийн хараа хяналт, үүрэг хариуцлага илүү нэмэгдэнэ гэсэн үг юм аа.

Үзсэн: 922