Дэлхийн худалдааны байгууллагын шинэ Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзав
Монгол Улсын Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх, олон талт худалдаан дахь оролцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв
Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Дэлхийн худалдааны байгууллагын шинэ Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзав. Уулзалтын эхэнд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеалад үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсч, өмнө нь Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улстай хамтран ажиллаж, манай орныг сайн мэддэг болсон хүний хувьд цаашид Монгол Улсын Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх, олон талт худалдаан дахь оролцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр ДХБ дахь Азийн хөгжиж буй бүлэг болон Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зохицуулагчийн хувьд эдгээр орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх болон ДХБ дахь төлөөлөл зэрэг асуудлаар Ерөнхий захиралтай санал солилцов.
Үзсэн: 1265
Tweet