БНХАУ-ын Элчин сайдтай ярилцав
Синофарм компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийхээр талууд санал нэгджээ
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай уулзахдаа Синофарм компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийхээр талууд санал нэгджээ. Түүнчлэн Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарласан. Үүнээс үүдэж Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдож, хүнс ачаа тээврийн эргэлт саатаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Элчин сайдтай ярилцсан байна. “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүйгээр ачаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж хилийн боомтоор нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд мэдэгдээд, цаашид богино хугацаанд ачаа тээврийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Үзсэн: 1990
Tweet