Нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзав
Цаашид автотээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-нд Гашуунсухайт боомтын ажилтай танилцахдаа нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэх бодлогыг баримтална. Иймд автозамын тээвэрлэлтээ үргэлжүүлж, жилд 20 сая тонн, төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх зорилт тавьж байгааг Ерөнхий сайд онцлов. Цаашид автотээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна. Төмөр зам, автозамын нүүрс тээвэрлэлтийг хослуулан явуулах учир жолооч нар аюулгүй байдлаа хангаж, холбогдох дүрэм журмын дагуу ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэхийг захилаа. Өнөөдөр Гашуунсухайт боомтын дэргэд “Тайван зогсоол” байгуулж байна. Тус зогсоол 2500 авто зогсоолтой, нэг ээлжинд 14 000 жолооч үйлчлүүлэх боломжтой. Эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, хоолны газар, үсчин, гоо сайхан, халуун усны газрууд тус тус үйлчилгээ үзүүлэх юм.
Үзсэн: 1196
Tweet