Санал солилцов
Хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ
УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши найм дахь удаагийн УИХ-д дэд даргаар сонгогдон ажиллаж байгаад нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улсын парламент болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр, дэлхийн улс орнууд COVID-19 цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагын хүрээнд бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархалтай байгааг илэрхийлээд хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ. Элчин сайд Х.Кобаяши Япон, Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа нотлоод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн 2022 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудтай санал солилцож эхэлсэн талаар дурдав. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлж, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, санал солилцлоо.
Үзсэн: 896
Tweet