МҮОХ-ны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой гэлээ
МУ-ын Ерөнхийлөгч Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзан МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийллээ. МҮОХ-ны удирдлагын зүгээс хорооны үйл ажиллагааг сайжруулах, монгол тамирчдын дэлхийн тавцанд гаргаж буй амжилтын түвшнийг ахиулах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулж, төр засгаас спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байна гэлээ. Ерөнхийлөгч монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг гэдгээ онцолсон юм. Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны үйл ажиллагаа чамлалттай санагддаг гэв. Иймээс МҮОХ-ны үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орнуудаас багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой гэв. Түүнчлэн Монгол Улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай учраас өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой гэлээ.
Үзсэн: 1611
Tweet