Ховд аймагт ажиллаж байна
Ховд аймагт Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр 2001 оноос хойш 10 гаруй төсөл хэрэгжиж, нийт 1.3 сая долларын дэмжлэг үзүүлсэн байна
Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюки, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцов. Ховд аймагт Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр 2001 оноос хойш 10 гаруй төсөл хэрэгжиж, нийт 1.3 сая долларын дэмжлэг үзүүлсэн байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээн боловсруулах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм. Цаашид хөдөө аж ахуйн үйл ажиллагааг дэмжих замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, нэмүү өртгийн сүлжээнд орон нутгийн онцлогийг шингээж шинэ технологи нэвтрүүлэхэд анхаарах юм. Энэ удаагийн уулзалтын үеэр хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд Жаргалант, Булган агро паркийн үйл ажиллагааг дэмжих, Япон Улсад Ховд аймгийн залуучууд нарийн мэргэжлээр суралцах боломж олгох, шинэ арга технологоор хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, орчин үеийн стандартад нийцсэн мал нядалгааны байгууламж бий болгох зэрэг санал хүсэлтийг аймгийн удирдлагуудын зүгээс уламжилсан юм.
Үзсэн: 788
Tweet