Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо
“Өв соёл нэгт”, “Стратегийн түншлэгчид”, “Гэрэл гэгээт ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвийн дагуу тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн"
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.П.Сингх “Манай хоёр орны улс төрийн харилцаа өнгөрсөн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн гээд энэ харилцааг худалдаа, хүмүүнлэг, боловсрол, байгаль орчныг хамгаалах чиглэлд өргөжүүлэн идэвхжүүлэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ноднин есдүгээр сард тус улсад хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Монгол Улсын баруун бүсийн цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилготой “Мөнх байгалиа тэтгэх Мөсөн суварга” усан хангамжийн инновацын төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Гэвч дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр, "Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ хүрээнд “Өв соёл нэгт”, “Стратегийн түншлэгчид”, “Гэрэл гэгээт ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвийн дагуу тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн" хэмээв. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, ноос, ноолуур, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох, соёл боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.
Үзсэн: 983
Tweet