БНХАУ-аас Элчин сайдаар томилогдсон Чай Вэньруйг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буй Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын удирдлага, ард түмэн титэмт нянгийн өвчлөлийн тархалтыг хяналтандаа аван зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллаж, шийдвэртэй арга хэжмээнүүд авч буйг өндрөөр үнэлж байгаагаа онцлов. Мөн Ухань хотод сурч буй оюутнуудыг эх орондоо авч ирэхэд хятадын төр болон орон нутгийн засаг захиргаанаас дэмжиж, шуурхай ажилласанд талархал илэрхийллээ. Элчин сайд Чай Вэньруй титэмт нянгийн өвчлөлтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг тэмдэглэв. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт гардуулахдаа хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 2288
Tweet