Энхийг сахиулагчид бахдам амжилт гаргалаа
Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 2-нд болсон “Данкон” маршийн тэмцээнд 28 орны 280 тамирчнаас түрүүлж бахдам амжилт гаргалаа
Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 2-нд болсон “Данкон” маршийн тэмцээнд 28 орны 280 тамирчнаас түрүүлж бахдам амжилт гаргалаа. Тодруулбал, эхний гурван байрыг эрэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын ахлагч М.Сауржан, Н.Бямбацогт, мотобуудлагын ротын дэд ахлагч Б.Ананд нар эзэлжээ. Дөрөвдүгээр байрт Энэтхэг тамирчин орсон ч удаах 5-12 дугаар байрыг Монгол Улсын энхийг сахиулагчид эзэлсэн байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын дэд ахлагч Э.Ариунзул тэргүүн байрт, цэргийн цагдаагийн ахлагч А.Довчмаа дэд байрт шалгарчээ. Цэргийн алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг сорьдог уг тэмцээнд оролцогчид 25 километр замыг 10 кг ачаатай туулсан. 1972 оноос эхлэн Дани Улсын Батлан хамгаалах яамнаас “Данкон” маршийн тэмцээнийг гадаадын цэргийн алба хаагчдын дунд Анх зохион байгуулж ирсэн уламжлалтай. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийнхан “Данкон" маршийн тэмцээнд 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагчаас эхний 40 байрыг дангаар нь эзэлж байсан түүхтэй.
Үзсэн: 2262
Tweet