“Ulaanbaatar International Day 2019”
“Улаанбаатар хотод богино хугацаанд үр дүнтэй хэрэгжих төслүүдэд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв”
Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барьж байгаа төслийн явцын талаар болон Улаанбаатар-Сөүл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо. БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Улаанбаатар хотод богино хугацаанд үр дүнтэй хэрэгжих төслүүдэд хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв”. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдэд Сөүл хотын зүгээс оролцоход бэлэн байгаагаа дуулгалаа. Мөн Солонгос улсад виз мэдүүлж байгаа иргэдийн тоо жилд 90 мянга хүрсэн судалгаа гарсан. Хотуудын иргэд харилцан зорчих аяллын маршрут гаргаж, харилцан үр ашигтай ажиллах Монгол Улс руу хөрөнгө оруулалт татах чиглэлийн төслүүдэд санал солилцох хүсэлтэй байна гэв. Талууд гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах төслүүдэд санал солилцоод, цаашид орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд Сөүл хотын удирдлагууд бэлэн байгаагаа илэрхийлсэн талаар Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ хэллээ.
Үзсэн: 1315
Tweet