Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа
Чехийн трамвай үйлдвэрлэлийн талаар асууж сонирхов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Энэ сарын сүүлээр Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Худалдаа, эдийн засгийн танхимын зүгээс цаашид хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгааг Чехийн Элчин сайд Ийржи Бродский хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр Чехийн трамвай үйлдвэрлэлийн талаар асууж сонирхоод, Улаанбаатар хотод трамвай барьж байгуулах хүсэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг Сенатын айлчлалын үеэр уриад, Праг хоттой бүхий л салбарт хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа дуулгасан юм. Ирэх 2020 онд Монгол Улс, Чех Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох юм. Ойн арга хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан үр ашигтай ажиллах олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Үзсэн: 1032
Tweet