Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзав
Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгааг илэрхийлсэн юм
ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын эх үүсвэрийг ашиглан 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын “ФЕСКО” компанитай хамтран нүүрсний терминал байгуулах төсөл хэрэгжүүлэх болсон. Эдгээр эдийн засагт үр ашигтай төслүүд ажил хэрэг болж эхэлсэн тул худалдан авагч тал буюу Япон улстай нүүрсний экспортын асуудлаар томоохон яриа хэлэлцээр хийх сонирхолтой байгааг илэрхийлсэн юм. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн биечлэн өгсөн төслүүдтэй сайтар танилцаж, японы тал Тавантолгойн асуудлыг цаашид ажил хэрэг болгох сонирхолтой гэдгээ мэдэгдлээ. Хоёр улсын дараагийн хамтран ажиллах өргөн боломжтой салбар нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний зах зээл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, дэлхийн ноолуурын 50 орчим хувийг дангаар хангадаг Монгол Улс Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль батлагдах байх гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм.
Үзсэн: 2248
Tweet