Айлчлалынхаа үеэр Халхын голын байлдааны 80 жилийн ой тэмдэглэх арга хэмжээнд оролцоно
Айлчлалын үеэр Улаанбаатар хотноо хоёр талын хэлэлцээрүүд болно
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын гуравны өдөр Монголд хийх албан ёсны айлчлалынхаа үеэр Халхын голын байлдааны 80 жилийн ой тэмдэглэх арга хэмжээнд оролцоно гэж Оросын Ерөнхийлөгчийн гадаад хэргийн асуудлаарх туслах Юрий Ушаков мэдэгджээ. Ерөнхийлөгч Путины оролцох арга хэмжээнүүд есдүгээр сарын гуравны өдөр төлөвлөгдсөн байна. “Энэ онд Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ жил хоёр дахь удаагаа уулзах гэж байна. Айлчлалын үеэр
Улаанбаатар хотноо хоёр талын хэлэлцээрүүд болно. Энэ үеэр хоёр талт хамтын ажиллагаа, улс төр, худалдаа эдийн засаг, цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн олон улсын болоод бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцохоор төлөвлөжээ. “Олон улсын асуудлуудын тухайд гэвэл Орос, Хятад, Монгол гэсэн гурван талт хамтын ажиллагаа, түүнчлэн ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааны хэтийн төлвийг ярилцах аж.
Оросын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнесийн салбарынхан багц хэлэлцээрүүд байгуулна. Оросын хэд хэдэн цахилгаан эрчим хүчний компани Монголын нутаг дэвсгэр дээр цахилгаан станц байгуулах, шинэчлэх сонирхолтой байнаэ. Түүнчлэн “Росатом” төрийн корпораци Монгол улсад цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээллээ. Энд дуулгахад, Оросын “Росатом” болон Монгол улсын Цөмийн эрчим хүчний комисс 2018 оны хоёрдугаар сарын 28-нд болсон Засгийн газар хоорондын комиссын үеэр Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн дагуу Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн объектуудын урьдчилсан шаардлагуудыг тодорхойлоход Оросын мэргэжилтнүүд Монголын талд тусламж үзүүлэхийн дээр энэ төслийг хэрэгжүүлэх урьдчилсан замын зураг боловсруулах юм.
Үзсэн: 1754
Tweet