“Дэлхийн ур чадвар-2019” тэмцээн
Манай улсаас найман залуу оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох МСҮТ-ийн баг тамирчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ. "Дэлхийн ур чадвар" 45 дахь удаагийн тэмцээн нь ОХУ-ын Казань хотноо энэ сарын 22-28-нд болох бөгөөд манай улсаас найман залуу оролцоно. Тамирчидтай уулзах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт бэлтгэсэн мянга мянган мэргэжилтэй ажилтнууд эх орныхоо хөгжлийн түүхэн үе бүрт бодит хувь нэмэр оруулсан билээ. Мэргэжлийн боловсролын салбарын шилдгийн шилдэг оролцогч та бүхэн ур чадвар, мэдлэг, туршлагаа солилцон, өөрийгөө харуулах, өөрийгөө сорьж нээх энэхүү боломжоо ашиглан 2017 оны амжилтаа бататган, ахиулна гэдэгт найдаж, итгэж байна" гэлээ.
Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн. Хоёр жил тутам болдог энэхүү тэмцээнд 2015 онд анх удаа оролцож, монгол охин тус тэмцээнээс гагнуурын төрөлд “Тусгай байр”-эзэлж байсан билээ.
Үзсэн: 1207
Tweet