Сайд нар хоёр орны байгаль орчны асуудлаар уулзав
Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх эгнээнд авч үзэх санал тавив
БНСУ-ын Сөүл хотноо болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус улсын Байгаль орчны сайд Чо Мюнг Рэй-тэй уулзав. Сайд нар хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа байгаль орчны салбарын харилцаа жил бүр өргөжин хөгжиж байгааг онцлоод тусгай хамгаалалтай газар нутаг, цаг уур, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаагаар зогсохгүй ус, биологийн олон янз байдал, уур амьсгал, ногоон өсөлт зэрэг шинэ агуулга, чиглэлээр тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв. БНСУ-ын тал шар шороон шуурга, агаар мандалд хуримтлагдсан тоос тоосонцорын асуудал чухал хэвээр байгааг дурдаад агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх эгнээнд авч үзэх санал тавив. Мөн 2020 онд Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тул хоёр яамны хамтын ажиллагааг тусгайлан эрчимжүүлэх, өргөжүүлэх асуудлаар санал нэгдэв.
Үзсэн: 1132
Tweet