“Европын нээлттэй өдөрлөг” болов
Өдөрлөгт Их Британи, Польш, Чех, Герман, Испани, Австри зэрэг 19 улс оролцож, Европын холбооны гишүүн улсууд руу аялах болон суралцах боломжийн талаар иргэдэд мэдээлэл өгөв
Европын холбооноос Монгол Улсад суух Элчин Сайдын Яам өнгөрсөн онд Монгол Улсад байгуулагдсан. Тус газар “Европын нээлттэй өдөрлөг”ийг Сүхбаатарын талбайд анх удаа зохион байгуулж, Европын 19 улс оролцлоо. Өдөрлөгийг нээж Европын холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа “Европын холбоо болон түүний гишүүн улсууд Монгол орны эдийн засгийг төрөлжүүлэх, иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хэрэглээнд шилжих чиглэлээр ямар ажил хийж байгааг энэхүү өдөрлөгөөс харж болно.
Энэ боломжийг ашиглан Европын холбооны гишүүн улсуудтай танилцаж, тэдгээрийн соёлын өв, ондоо байдлыг нээн таних боломжтой” гэв. Өдөрлөгт Их Британи, Польш, Чех, Герман, Испани, Австри зэрэг 19 улс оролцож, Европын холбооны гишүүн улсууд руу аялах болон суралцах боломжийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. Мөн шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгч байлаа. Түүнчлэн тус холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Манай улсад Европын холбооны орнуудаас хэрэгжүүлж буй 20 гаруй төсөл хөтөлбөр бий аж. Тухайлбал, “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл” 2016 онд эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжлэх юм.
Үзсэн: 1153
Tweet