Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урив.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа. Элчин сайд О Сын Хо парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг онцлоод, энэ онд төр, засгийн түвшний төлөөлөгчдийн хэд хэдэн айлчлал болох гэж байгааг дурдаж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урив. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ, БНАСАУ-ын Ардын дээд хурал хамтран бүс нутгийн улс орнуудын парламентын чуулганыг Зүүн хойд Азийн бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох, асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх зэрэг тодорхой сэдвийн хүрээнд, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжих чиглэлээр Монгол Улсын нийслэлд зохион байгуулах саналтай байна гэлээ. Энэ үйл ажиллагаанд БНСУ-тай хамтарч ажиллах боломж бийг мөн онцлов. Түүнчлэн 2018 онд Сингапурт, 2019 онд Вьетнамд болсон Дээд хэмжээний уулзалтыг ирэх онуудад Улаанбаатарт зохион байгуулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн юм. Тэрээр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлалын үеэр замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр, засаг, ард түмэн талархах болно гэв.
Үзсэн: 962
Tweet