АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа
Тэрбээр, олон улсын сургалттай сургуулиудад ажиллаж буй гадаад багш нарын визтэй холбоотой зарим хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Манай хоёр улсын харилцаа, ялангуяа боловсролын салбарт идэвхтэй хөгжиж, үр дүнгээ өгч буй олон жишээ бий. Тухайлбал, Монгол Улс, АНУ хамтран санхүүжүүлж буй “Фулбрайт” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш 70 гаруй оюутан АНУ-ын их, дээд сургуулиудад эрэлттэй мэргэжлээр магистрантурт суралцсанд талархалтай байна. Цаашид ойрын 5-10 жилд эрэлт хэрэгцээтэй болох шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр залуусаа сургах, их, дээд, дунд сургуулийн багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, багш нарыг богино, урт хугацааны мэргэжил дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний сургалтыг сайжруулахад манай яам анхаарч ажиллана” гэв. Элчин сайд, ноён Майкл С.Клечески боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бодитой, тодорхой санал, санаачилгыг ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэлээ. Тэрбээр, олон улсын сургалттай сургуулиудад ажиллаж буй гадаад багш нарын визтэй холбоотой зарим хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгох асуудлыг 2017 онд тохиосон Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд эхлүүлж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны есдүгээр сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцсон. Залуучуудын жилийг тэмдэглэх нь хоёр орны харилцааны цар хүрээг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг талууд онцолсон байна.
Үзсэн: 1070
Tweet