Монгол Улсаас Японд ур чадвартай ажилтан хүлээн авахаар тогтоод буй
Монгол, Японы Стратегийн түншлэлийг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч буйг тэмдэглэж, 2019 онд хоёр талаас хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал зэрэг харилцаа, хамтын ажиллагааны голлох арга хэмжээ, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцлаа. Түүнчлэн Япон Улсын Парламентаас “Гадаадын иргэн, харъяатын багц хууль”-ийг 2018 онд шинэчлэн баталж, гадаадын 9 улс, түүний дотор Монгол Улсаас Японд ур чадвартай ажилтан хүлээн авахаар тогтоод буй нь Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Элчин сайд М.Такаока Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 онд Япон Улсад хийсэн айлчлалын ач холбогдлыг тэмдэглэж, талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотолсон байна.
Үзсэн: 1202
Tweet