Гэгээн Хайрын Өдөр
Өнөөдөр шувууд өөрийн ханиа олдог учраас энэ өдрийг “Шувуудын хуримын өдөр” гэж нэрлэдэг.
Манай эриний 3-р зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Гэвч залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байсан байна. Түүнийг хүмүүст нууцаар тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэн, Валентиныг шоронд хатааж, дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ.
Харин Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болж. Тэрээр цаазаар авахуулахынхаа өмнөхөн хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтайгаар, өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, тэнгэрийн орноос ч үүрд түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2 дугаар сарын 14 юм. Хайрлана, хайрлуулна гэдэг хамгийн том аз жаргал. Тиймээс ч хүн төрөлхтөн сэтгэлийг нь тэжээн энэ хорвоог утга учиртай болгосон хайранд мэхийж, гэгээн хайрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.
Валентиний өдрийг Монголчууд 1990 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд жил ирэх тусам илүү өргөн хүрээг хамарч байна.
Энэ баяраар хосууд бие биедээ ихэвчлэн захианд цэцгийн баглаа дагуулж өгдөг. Гэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл, өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг заншил тогтжээ. Гэхдээ дэлхийн улс орон бүр дурлалт хосуудын өдрийг тэмдэглэх өөр өөрсдийн уламжлал хэдийнэ тогтсон байна.
Манай орны хувьд эл өдрөөр эмэгтэйчүүд ихэвчлэн эрчүүддээ зориулан бэлэг өгдөг бөгөөд бэлэгний гол зүйлд шоколад багтдаг. Энэ талаар “Spoon media” компаниас явуулсан судалгааг сонирхуулахад, Валентиний өдрөөр манай улсад 3.8 тонн шоколад борлогддогоос 64.4 хувь нь эмэгтэйчүүдээс эрчүүдэд илгээсэн бэлэг хэлбэрээр хүржээ. Түүнчлэн энэ өдөр 24 сая 120 мянган төгрөгийн сарнай худалдаалагддаг бөгөөд бэлэг хүлээн авагчдын 12 хувь нь ажил дээрээ бэлгээ хүлээн авдаг байна. Энэ судалгаанд Улаанбаатар хотод амьдардаг 15-35 насны 515 иргэн хамрагджээ.
Гэхдээ бэлэгний сонголт зөвхөн шоколад, цэцгээр хязгаарлагдахгүй, сүрчиг, гоо сайхны бараанаас эхлээд төрөл бүрийн бэлэг сэлтийг чамин тансаг боолтоор чимэглэж, баярын сюрприз болгон бие биедээ өгдөг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжсөн өнөө цагт өөрийн дуу хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлэн бэлэг барих болжээ.
Нөгөөтэйгүүр Валентиний өдрөөр ресторан, зоогийн газрууд хөл гишгэх зайгүй болтлоо дүүрдэг. Өмнө нь энгийн байдалтай байсан ресторанууд хэдэн жилийн өмнөөс Валентиний баярт зориулан тусгайлан чимэглэл хийх болсон нь дурлалт хосуудын анхаарлыг багагүй татах болжээ.
Ингээд та бүхэнд Валентиний баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар сонсогчийн яриаг сонсгоё.
Одоо анхныхаа Валентинийг хийх гэж байна. Анхны баяр учраас яаж тэмдэглэхээ сайн мэдэхгүй л байна. Юу ч гэсэн ажлаа тараад найз охиноо гэрээс нь очиж аваад, гадуур зугаалдаг ч юмуу, дэлгүүр хэсэх, хоолонд орох гээд тийм байдлаар л өнгөрөөх гэж байна. Найз охиндоо бэлэг бол өгнө, энэ бэлэгт маань мэдээж шоколад багтаж байгаа.
Яахав Валентиний өдөр гэдэг утгаараа хосууд хамтдаа л байвал зүгээр гэж боддог. Гэхдээ энэ жилийн хувьд Монголд энэ баярыг нэлээн өргөн тэмдэглэж байгаа. Олон янзын арга хэмжээ зохиогдож байна. Тэр арга хэмжээг хамтдаа өнгөрөөвөл зүгээр юм уу. Энэ удаагийн баяраа олон хүн цугларсан газар, хамтдаа цагийг зугаатай өнгөрөөвөл зүгээр байх гэж бодож байна.
Валентиний баярыг өнөөдөр анх удаа тэмдэглэх гэж байна. Оюутан байхад ангийн маань хүүхдүүд ч юмуу, найз нөхөд маань энэ баяраар найз залуудаа ая дууны мэндчилгээ хүргэх ч юмуу, ямар нэгэн дуртай зүйлийг нь авч өгдөг. Мэдээж шоколад заавал өгнө гэж ярьдаг байсан. Ялангуяа их гоё шоколад авч өгөх ч юмуу өөрийнхөө гараар хайлуулаад янз бүрийн хэвэнд оруулаад бэлэглэхийг эрхэмлэдэг байсан. Миний хувьд өмнөх жилүүдэд энэ баяраар хайртай хүнтэйгээ ерөөсөө хамт тэмдэглэж үзээгүй. Дандаа хол байж таардаг. Утсаар баярын мэнд хүргээд өнгөрдөг. Тэр үед нь зориулж авсан бэлгээ сүүлд нь бие биедээ өгөх ч юмуу иймэрхүү байдалтай тэмдэглэж байлаа. Өнөөдөр харин хамт тэмдэглэх гэж байна. Эхлээд хоолонд хамт орох байх. Ямар ч байсан шоколад өгөх гээд аваад бэлдчихсэн байгаа. Хүмүүс ярьдаг шүү дээ. Валентиний баяраар эмэгтэй нь эрэгтэйгээ баярлуулдаг гэж. Тэгэхээр би найз залуугаас их юм хүсдэггүй. Миний бодлоор Валентиний баярыг залуу хосууд тэмгдэглэх ёстой баяр байх. Монголчууд хайр сэтгэлээ илэрхийлэх тал дээр бүрэг байдаг. Тэр бүр би чамд хайртай гээд тэврэлдээд байх нь ховор. Алсуураа хайртай гэдгээ илэрхийлээд явдаг хүмүүс шиг санагддаг. Тиймээс нэг өдөр ч гэсэн бие биедээ чин сэтгэлээ илэрхийлдэг ийм баяр байх нь зүгээр юм болов уу гэж боддог. Хүмүүсийг бас нээлттэй болгодог юм болов уу гэж боддог.
Ер нь дийлэнх хосууд ресторан, зоогийн газар зоог барих, кино жүжиг, урлагийн тоглолт үзэх зэргээр энэ өдрийг тэмдэглэдэг байна. Мөн сүүлийн үед монголын хамтлаг, дуучид Валентиний баяраар хосуудад зориулан шоу тоглолт хийх уламжлал ч тогтжээ. Сонирхуулахад, Валентиний өдөр гэдэг энэ нэршил нь 7-р зуунаас улбаатай талаар тэмдэглэгдэн үлджээ. Эртний домогт өгүүлснээр, жил бүрийн 2 сарын 14-нд шувууд өөрийн ханиа олдог учраас энэ өдрийг “Шувуудын хуримын өдөр” ч гэж нэрлэдэг байжээ.
Үзсэн: 1385
Tweet