“Монгол Дархан” цуврал-3
“Монгол урлал буюу Монгол төрийн дархан”
Аливаа улс үндэстэн бүрт өөрийн гэсэн уламжлалт өв соёл түүнийг илтгэх урлаг соёлын бүтээлүүдтэй. Монголчуудын хувьд өв соёлын нэгэн гайхамшиг нь дархан хүний уран гар, бурхан ухаанаас бүтсэн урлагийн томоохон бүтээлүүд бий. Монгол vндэсний дархны урлаг нь vндэсний сонгомол тєрєл зvйл бєгєєд ялангуяа хэлбэр дvрс, хээ чимэг, єнгє vзэмжээрээ чєлєєтэй наадах ур ухааны цогц болсон байдаг. Тэдгээр хэлбэр дvрсийг урлан бvтээхдээ хээ угалзны утга учир, бэлэгдэл, бvтэц, зохиомж, хєгжлийн зvй тогтлыг онцгой анхаарч ирсэн нь нутаг нутгийн ур хийц, донж маяг, эдлэл хэрэглээ нь єєр єєр байдгаараа ялгарч харагддаг. Тухайлбал: Мөнгөөр дархалдаг төрөлд Дарьганга, Ноён сэврэй хийцvvд аяганд илүүтэй тод харагддаг бол Батноров, Боржигон хийцvvд эмээлийн тоноглолд, Далай чойнхорын хийц нь ган сийлбэр, хэт хутга, эмэгтэй хүний толгойн чимэг хэрэглэлд илvvтэй тодорч, давтагдашгvй нарийн хийц найруулга бvхий сонгомол урлагийг бий болгож чаджээ. Дээрх нэрс нь нутаг усны болоод овог удам, бие хүний нэрээр нэрлэгдсэн хийц, бие даасан төрлүүд юм. Жишээлбэл Боржигон гэдэг нь Монголын нэгэн овог угсаатны бүлгийн нэр. Харин Ноён сэврэй гэдэг нь уулын нэр бөгөөд тэр уулыг тойрон амьдрагч уран дархчууд уран гарын хийцээ нутгийн сайхан уулсынхаа нэрээр нэрлэсэн байх жишээтэй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дарх урлал дахин сэргэж өөр өөрийн хэлбэр хийцийг бий болгох гэсэн уран дархчуул гар болоод оюуны ураа уралдуулах болсон юм. Монголын уран дархчуул нэгдсэн холбоо байгууллаа. Тэд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр анхны томоохон уран бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Анхны үзэсгэлэн худалдаагаа “Эхлэл” хэмээн нэрлэжээ.
Одоо та бүхэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан нэгдсэн холбооны тэргүүн уран дархан, урлаг судлаач Аюушийн ярианд анхаарлаа хандуулна уу.
/Б.Аюуш/ Энэ удаагийн “Эхлэл” үзэсгэлэн худалдаанд тавьж байгаа бүтээлүүд дөнгөж бүтээгдсэн шинэ бүтээлүүд. Үүнээс хойш Монголынхоо уламжлалт цагаан сарын болон үндэсний их баяр наадмын өмнө тогтмол үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Ингэхээр Монгол дархны ур хийц сайжирч, өрсөлдөөн бий болно. Нөгөө талаар уран бүтээлчид нэгнээсээ суралцах, санал бодлоо солилцох нөхцөл бололцоо нээгдэж байгаа юм. Өнөөдөр бие даасан болон хамтарсан бүтээлийн 100 гаруй бүтээл тавигдсан байгаагийн дотроос уран дархан Баярбаатарын урласан ган болд хэт хутга олон хүний сонирхлыг татаж байна. Монгол дархны ур хийцийг харуулдаг энэ төрөл үндсэндээ зогсонги байдалд, хатуухан хэлэхэд бараг л устахын ирмэг дээр байсан дахин сэргэж, сэргэхдээ уран гоё хийцтэйгээр сэргэсэнд бахархахаас аргагүй. Энэ бүтээл нь уламжлал, шинэчлэл хоёрыг хослуулснаараа дахин давтагдашгүй урлагийн бүтээл болж байгаа юм. Хутганы ишийг Энэтхэгэд ургадаг машид ховор улаан зандан модоор ишилж есөн эрдэнээр тойруулан шигтгэж чимэглэсэн нь гайхамшигтай. Үзэсгэлэнд ОХУ-ын Сибирээс олзворлосон ногоон хаш чулуугаар гурван литрийн багтаамжтай аяга урласан нь бас л уран тансаг эд болж байна. За тэгээд Монгол дархчуулын урласан төрөл бүрийн бурхад, эмэгтэй хүний гоёлууд гээд уран тансаг эд их байна.
Дархан хvнд ухааны ур, нvдний ур, гарын ур гэсэн 3 ур байдаг гэж Монголчууд үздэг. Хамгийн эрхэмлэвэл зохих ур нь ухааны ур. Иймээс ч “Дархан хvн бурхан ухаантай” гэж Монголчууд хvндэтгэн нэрлэсэн нь учиртай. Жинхэнэ сор болсон уран дархчуулын бүтээлүүд энэ үзэсгэлэн худалдаанд тавигдсан байв. Түүний нэг нь устаж үгүй болохтойгоо шахсан Далай Чойнхор вангийн хийц гэгдэх ган сийлбэрт хийц байлаа. Хэт хутгыг монгол дархны уламжлалт ухаанаар ган болтол нь ширээж, үндэсний хээ угалзыг түүн дээр ёстой л чөлөөтэй наадуулан бүтээжээ. “Эхлэл“ нэртэй монгол дархны ур хийцийг үзүүлсэн үзэсгэлэнгийн талаар уран барималч Түмэнбаяр ийн ярьж байна.
Түмэнбаяр: Уран барималчид уран дархчуултайгаа хамтарч бүтээл хийвэл хол явах юм байна даа гэж харсан. Монгол хөөмөл, цутгуурын урлагийг дархны бүтээлд шингээн хөгжүүлж ирсэн уламжлалыг шинэчлэлтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй. Занабазарын ногоон, цагаан дарь эхийн жишээ байна. Энэ үзэсгэлэнд сангийн бойпороос эхлэн олон бурхдыг монгол хөөмөл, цутгуурын аргаар бүтээсэн урчуулын бүтээл тавигдсан. Үүнийг улам цааш нь хөгжүүлэх шинэ шатанд гаргах боломж бололцоо бүрэн байгааг энэ удаагийн үзэсгэлэн харуулж байгаа юм аа.
“Байгаль бол сvм хийд бус дархны газар, хvн тvvний бvтээлч ажилчин юм” гэсэн мэргэдийн үг буй. Бүтээлч байхын тул маш уйгагүй хөдөлмөрлөдөг, хөдөлмөрлөсөн бүтээлийнхээ үнэ цэнийг мэдэрч түүний сайханд нь баясаж өөрөөрөө бахархах сэтгэлийн их таашаал эдлэнэ. Монголчууд өнөөч хүн төрөлхтний түүхэнд сонсогдоогүй аз жаргалын асар том мөнгөн модыг бүтээж байсан түүхтэй. Юм бүхэн нь утга учраар дүүрэн байвал монголчуудын сэтгэл ханадаг. Жишээлбэл эр хүний мөнгөөр урласан бүс байна. Ер нь монголчууд эр хvний сvлд хийморь нь малгай бvсэндээ байдаг гэж vздэг тул малгай бvсээ ямагт дээш нь залж тавьдаг уламжлалтай. Тийм ч учраас монгол эрчүүл бүс малгайгаа хүлэг морины эмээл хазаар бусад тоноглолын адил үнэт эдлэлээр чимэглэж гоёх нь энүүхэнд. Тухайлбал Нацагдорж хэмээх хээ, дєрвєн хvчтэн буюу Луу, Хангарьд, арслан, барсыг дүрсэлсэн хээ чимэглэлvvд нь эзнийхээ сvр сvлдийг бадраасан, омог бардам, зориг тэвчээр, хvч чадлыг нь илтгэдэг бол, Хязгааргүй их орон зайг илтгэсэн Тvмэн насан мөн Өлзий хээнvvд нь урт удаан наслах, эрvvл энхийг бэлэгдэж байх юм. “Эхлэл” үзэсгэлэн худалдаанд дан ганц уран дархчуул бүтээлээ тавьсангүй. Барималч, уран зураачид тэдэнтэй нэгдэж мөнгө, ган, хөөмөл, сийлбэр цутгамалын урлагт хамтран ажилласан байх юм. Энэ нь урьд хожид үзэгдэж, сонсогдож байгаагүй хамтын ажиллагаа байлаа. Одоо уран зураач, дархан Баатарчулууны юу ярихыг сонсоцгооё.
Д.Баатарчулуун: Баримал маань цутгууртай холбогдвол Занабазарын дэг бий болно. Ялангуяа манай залуу уран бүтээлчид уламжлалаа сайн судлах, түүнийг эзэмших хэрэгтэй. Уламжлалгүй дэвшил гэж үгүй. Монгол уран дархны ертөнцөд бүр ч байдаггүй юм. Сүүлийн жилүүдэд монгол уран дархны үйл хэргийг хэт хэрэглээ тал руу нь хөгжүүлсэн, түүнийг мөнгө олох хэрэгсэл болгосон нь хөгжих биш хэдэн алхмаар ухрах, үндэсний уламжлалыг мартах бүр үгүйсгэх маягтай болж ирсэн. Одоо хөгжих, дэвжих эхлэл нь байх болов уу гэж найдаж байна.
Монголд айлчилсан хүмүүс Монгол дархны бүтээлийг үзэж сонирхоод буцдаггүй. Гайхан шагшиж худалдан авч амьдрал ахуйдаа хэрэглэхийг хүсдэг. Үнэт бүтээлийг заавал цаас юмуу даавуун дээр бүтээх албагүйг монгол дархчуул нотолдог. Нотлох нотлохдоо ган болд төмрийг хэрхэн нүхэлж цоолборлож, сүлжиж, эвхэж эргүүлж болдгийг тэд ухааныхаа ураар харуулдаг юм. Өнөөдөр монгол дархчуул нэгдэж чадлаа. Тэд хол явах замынхаа “Эхлэл”-ийг хамтарсан уран бүтээлийнхээ дээжээр нээлээ.
Үзсэн: 3010
Tweet