Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Дархан” цуврал-2


Densmaa 2019-01-23 10:01

Монголчуудын хувьд дархан хүн хүндтэйн дээр түүний хэрэгцээ шаардлага их.

  Дархан гэдэг үгийг Монгол хэлний тольд төмөрлөгөөр дарх хийдэг “Урч хүн”-ийг хэлнэ гэж тайлбарласан тухайгаа тэргүүн дугаартай өгүүлсэн. Энэ бол дархан хүн, түүний бүтээлч ухааныг тайлсан ерөнхий утга юм.

  Монголчуудын хувьд дархан хүн хүндтэйн дээр түүний хэрэгцээ шаардлага их. Монголчуудын хэрэглээний тодорхой хувийг алт мөнгө, зэс бусад үнэт эдлэл эзэлдэг бөгөөд ахуйн хэрэглээ тогоо, шанага, данх, гүц, домбо зэрэг нь зэс байна.

   Монгол хүн хаана ч явсан хүний аяга халбага, хутга хэргэлдэггүй. Тэдгээрийг айл хооронд ч аян жинд ч биендээ авч явна. Ариун цэврийн хэрэглэл болох сахлын чимхүүр, хэлний хусуур, тамхины иж бүрэн хэрэглэлээ мөнгөөр дахин давтагдашгүй гоёмсог хийцээр урлуулна. Энэ бүгдийг Урч хэмээгдэх дархан хүн бүтээнэ. Тэр бүгд нь тухайн үедээ өдрөр тутмын хэрэглээ байсан бол өнөөдөр хувь хүний бэл бэнчин болж харагдах болжээ.

  Цаг үеэ дагаад өнөөдөр дархны урлал нь модерн, арт, чимэглэх урлаг гэсэн төрлүүдээр хөгжиж байна. Дарх гэж чухам юу юм, дархан хүн ямар эрдмийг эзэмшсэн хүнийг хэлдэг гээд олон асуулт гарч ирнэ. Энэ үүднээс бид Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, дархан судлаач Батчулуунтай уулзсан юм.

/Батчулуун/ Дарх гээд ярихаар эхлээд нэг ойлголтыг өгөх нь зүйтэй. Ер нь дархан хүн урлах ухааны салбартаа ямархуу байр суурь эзэлдэг юм, альхан талд нь яваа юм гэдгийг ойлгохын тулд тухайн шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд бяцхан түүх ярих учиртай. Энэ үүднээс түүх, онол, дадлага гурвыг ярина. Ерөөсөө ярьдаг юм нь энэ. Урлахуйн ухааныг хар ухаанар авч үзвэл байгалиас хүнд заяагдсан авьяас билгийн цогцолбор юм. Урлахуйн ухаанд хүний урлан бүтээж туурвидаг бүхий л зүйл багтана. Тэр байтугай бүхий л салбарыг хамран гэж богд Зонхова айлдсан бий. Өргөн утгаар нь авч үзвэл хүн үүссэн цагаас эдүгээ хүртэлх бүхий л үйл ажиллагааны цогц ухааныг урлаг гээд байгаа юм. Тэр урлаг дотроо дарханы урлаг нь хатуу эдлэлийн урлагтаа багтана. Хэрэглэгдэхүүн талаас нь авч үзвэл хүний хийж бүтээсэн бүтээц, урлагийн цогц бүтээл талаас нь авч үзвэл анхны хүний хэрэглээний зүйлээс эхлээд дахин давтагдашгүй сор бүтээлийг бурхан бодьсадва хүртэл бүтээлцдэг. Тэгэхээр хүний гараас бүтсэн хамаг сор шим бүхэн дархны урлагт багтан гээд хэлчихвэл хилсдэхгүй юм.

   Дорно дахины урлахуйн ухаанд хүний өтөл насны хэрэгцээний зүйл, амин хувийн зүйл, жижиг сажиг хэрэгцээний зүйл, гоёл чимэглэлийн зүйлүүд байдаг. Гэвч нөгөө талаас нь авч үзвэл монгол дархны урлахуйн ухааны эрдэм нь нарийн нандин, нууц тарнийн ёсны ёсоор бурхан бүтээх, бурхны ид шидээр хүний ертөнцийн далд ухамсарыг нээж харуулах, хүнийг хүмүүжүүлэх, хүнийг хүн болгоод зогсохгүй хүнийг бурханлиг болгож өгдөг ийм салбар юм.

   Зарим нэгэн хүн дархны урлаг бол зүгээр л нэг гар урлал юм гэж үздэг. Ингэж ярих, ийнхүү дүгнэх нь мянга мянган жилээр ширээж хатаагдсан монгол дархчуулын түүхийг гутаасан, дорд үзсэн хэрэг болно. Энэ нь дархны урлалын мөн чанарт нэвтрээгүй, нэвтрээгүйгээсээ гадна юм хийдэг тохиолдлын хүмүүс нь тийм доод түвшний юм бүтээдэг тул тийм ойлголт, тийм нунж дорой мэдлэгийг олж авсантай холбоотой юм. Үүнийг өнөөгийн шүүлтүүрээр авч үзвэл түүх соёлын хосгүй үнэт бүтээл туурвидаггүй туурвигчид олширсонтой холбоотой гэж үзнэ. Тэгэхээр өнөө хүртэл оршиж ирсэн урлахуйн ухааны бүхий л туурвил зүйн дотроос монголчуудын бүтээсэн туурвил нь дэлхийн бусад соёлт хүн төрөлхтний бүтээсэн бүтээлүүдтэй эн зэрэгцэх хэдий ч үндэсний онцлог, санан бодох онцлог, бүтээн туурвих онцлогийг нэгэн зүйл дээр төвлөрүүлж өгсөн байдгаараа онцлогтой билээ.

   Монгол дархны урлахуйн ухааны өөр нэгэн гайхамшиг бол дархан хүнд заавал байх дээрх гурван онцлогийг байгалиасаа олзворлосон явдал юм. Нэг үгээр хэлбэл түүний ид шидээр хамгийн бага эрдэнэсийн орцоор, хамгийн чухал нандин, урьд хожид хүн бүтээгээгүй, дахиж бүтээхийн нөхцөлгүй зүйл болгон хувиргах гэдэг байж боломгүй мэт ч бий болгож чадсанд л монгол дархны урлахуйн ухааны гайхамшиг нь оршиж байна. Ийм төгс төгөлдөрийг бүтээх ид шидтэй дарханыг бий болгоход ямар монгол ухаан байсан талаар...

/Батчулуун/ Монголчуудад дархан хүнийг боловсруулдаг багш гэж байна. Би боловсоруулдаг гэж ярьж байгаа юм шүү. Болгодог гээд ярьвал доод түвшнийх болох байх. Боловсоруулахад ямар ухаан байнаа гэхээр багш өөрөөсөө эхэлдэг. Монголчууд нэгэн насны юм хийх, нэлээд он удах юм бүтээх, нэгэн насны хэрэг бүтээх гээд ярьдаг. Нэгэн насны хэргээ бүтээхэд л монгол дархан ур хийцээ гаргаж урлалахуй ухаанаа дайчилдаг. Нэг үгээр хэлбэл миний амьдадаа бүтээсэн эдэд өөр хэн ч ирээд гар хүрэх аргагүй гэж бодотлоо мохоож хийдэг. Балба дарханы балбаж хийсэн Монгол дарханы мохоож хийсэн гэсэн хэлц үг үүнээс үүдэлтэй. Мохоож хийнэ гэдэг нь төгс төгөлдөр зүйлийг хэлээд байгаа юм. Тэгэхээр өөрийн бүтээсэн төгс төгөлдрөөс цааш цааш сэтгэх, санан бодох онцлогтой, бүтээн туурвих онцлогтой шавийг таньж боловсоруулах гэдэг ган ширээхээс хэцүү. Энэ эрдэмд нутгаасаа нэг л хүнийг олж, таньж боловсоруулдаг. Ингээд бодохоор бурхан ухаанд суралцах гэдэг захын бандийн сурах зүйл биш юм. Ийм хэцүү бэрх эрдэмтэй тул монголчууд дархан хүн бурхан ухаантай гэж айлджээ. Түүнээс биш зураг зурдаг эсвэл хатгамалчин, сийлбэрчин нэг бүрийг бурхан ухаантан гэж хэлээгүйгээс харж болно.

   Монголчууд дархан хүнд хэрхэн билэгшээлтэй, хэр хүндлэлтэй ханддаг тухай урьд нь өгүүлсэн. Тэднийг тэнгэртэй ихэд ойрхон хүмүүс гэж хүндэлдэг. Дархан хүний гэрийн буйран дээр гэрээ барьдаггүй, дархан хүн хичнээн залуу ч түүний дээр гарч суудаггүй, дархан хүн малгайгүй хүнтэй золгож болдог эрхээс нь мэдэж болно. Төрөөр түшүүлсэн тийм эрх дархтай ч нутаг орноо шуугиулсан баян тарган дархан гэж сонсоогүй. Түүх шастирт ч тэгэж тэмдэглэж үлдээсэнгүй. Энэ нь тэдний нүдний хоргүй, өчүүхэнд ч сэтгэл ханадаг бурханлиг зантай нь холбоотой. Нэг сайн дархантай хошуу нутаг шиг ханагар хошуу нутаг гэж үгүй. Өнөө цагаар бол тухайн нутгийн нэрийн хуудас. Тэглээ гээд тэр дархан улам л урлахуйн ухаандаа шимтэнүү гэхээс биш хийж байгаа зүйлээ илүү үнэд хүргэх, харц сөхсөн байдал хэзээ ч үзүүлэхгүй. Энэ нь Батчулуун эрдэмтэний хэлдгээр төгс төгөлдөр боловсрогдсон дархан юм. Ингэж монгол төрийн дархан үе хойч, залгамж халаагаа бэлтгэсээр иржээ.

Үзсэн: 2896

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна