Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголчууд Дакар Раллид


Densmaa 2019-01-09 12:01

Дакар Ралли 14 хоногийн хугацаанд 100 гаруй сая хүнд хүрдэг.

   1977 онд Тиерри Сабине гэдэг мотоциклийн тамирчин Ливи улсад зохиогдсон ралли уралдаанд оролцож байх үедээ элсэн цөлд төөрчээ. Тэрээр азаар амь аврагдсан бөгөөд тухайн үедээ "Дакар" ралли уралдаан зохион байгуулах санаагаа олсон гэдэг. Эсэн мэнд ирснийхээ дараа Францад буцаж очоод авто, мото спортынхонд өөрийнхөө санааг ярьснаар "Дакар" ралли уралдааныг зохиох болжээ. Дакар бол зүгээр нэг уралдаан биш. Зөвхөн дээд зэрэглэлийн, өндөр ур чадвартай тамирч­дын амь насаа дүйн өрсөлдөх тулааны талбар. Санаанд оромгүй бартаат замыг тамир­чин хүний торгон мэдрэмжээр туулах энэхүү уралдаанд үе үеийн аварга тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил байж иржээ. Хамгийн анхны уралдаан 1978 оны арванхоёрдугаар сарын 26-нд Францын Парис хотоос Сенегалын Дакар хүртэл 10 мянган км зайд болж байв. Дуулиан шуугиан дунд зохиогдож ирсэн урал­дааны эхний жил 182 тамирчин гараанаас гарч байсан түүхтэй юм.

   Монгол улсаас 2013 онд тус уралдаанд ОУХМ Н.Лхамаа, Д.Болдбаатар нар мотоциклын төрөлд анх удаа оролцож байсан юм. Туршилт хийж туршлага хуримтлуулсан тамирчид 2014 онд дахин даагаа нэхсэн. ОУХМ Н.Лхамаа эхний жил мотоциклоор оролцож байсан бол энэ удаа машин хөлөглөн, баг бүрдүүлж тив дэлхийг гатлан мотоциклоо ачин очиж уралдсан. Анх удаа монгол дугаартай машин уралдсан нь Японы багийн “Huno” truck байв.

  Харин Д.Болдбаатарын хувьд эхний жилээс л эхлэн Доктор авто сүлжээ ивээн тэтгэж, өөрийн мотоциклоор уралдсан бөгөөд амжилттай бариалсан билээ. Дакар ралли уралдаанд хоёр дахь жилдээ оролцож бариалсан нь мөн Азиас ганцхан Монголын тамирчин барианд орж маш том амжилт үзүүлсэн юм. 2015 оны Дакар ралли уралдаанд манай улсаас хамгийн олон баг оролцож, хамгийн том амжилт гаргасан. Мотоциклын төрөлд Д.Болдбаатар, Ч.Анар нар оролцож амжилттай уралдан бариалсан. Ч.Анарын хувьд уралаанд анх удаа оролцоод бариандаа амжилттай орсон бөгөөд тэрээр тэмцээний нээлтийн өдрөөс л “Дакар ралли” сонирхогчдын анхаарлыг татаж чадсан юм. Учир нь түүний үндэснийхээ онцлогийг илтгэн өмссөн үнэгэн лоовууз 38 градусын халуунд олны харцыг эрхгүй татаж, бүр “Дакар ралли” – ийн албан ёсны вэб хуудас дээр онцолж байлаа.

   Монголоос анх удаа “Дакар ралли”-д ОУХМ Н.Лхамаа болон түүний багийхан автомашины Т2 буюу үйлдвэрээс гарсан машинаар уралддаг ангилалд хурд сорихоор болсон. Манай багийнхны уралдах цоо шинэ Ланд круйзер-200 маркийн машиныг Шандор Себястьян бэлдэж өгснөөр Монгол- Унгарын хамтарсан “Uniqa Sandlander” багийн нэр дээр гурван машин уралдсан юм. 25 хүнтэй багийн бүрэлдэхүүнд манайхаас 431 дугаартай машины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж, механикаар спортын мастер Б.Батболд нар уралдсан бол 355 дугаартай машины чиглүүлэгчээр цагдаагийн хурандаа Д.Жаргалсайхан, 413 дугаартай машины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдсан юм. Эдгээрээс Н.Лхамаагийн унаж уралдсан 431 дугаартай машин 62 дугаар байранд орсон нь түүхэн амжилт байлаа. Ийнхүү Монголчууд Дакар раллид бүтээсэн түүх амжилт дүүрэн үргэлжилсэн ч гурван жил завсарлажээ. Авто спортын олимп гэгддэг Дакар ралли 2019 уралдаан ирэх 1-р сарын 6-17 нд Перу улсад 5000 км замд болно. Замын 70 хувь нь элс тул эрчүүдийн эр зоргийг жинхэнэ шалгана. Парис Дакар нэртэй анх зохион байгуулагдаж байсан тус уралдааны 40 жилийн ой энэ жил тохиож байна.

   2019 оны Дакарт манай улсаас анх удаа UTV ангилалд хүч үзэхээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, ах Ө.Бямбацогтын хамт машинаа бэлтгээд уралдааны газарт хүргэхээр замдаа гарсан. Тэд машинаа Францаас цааш усан замаар ачуулж очих юм. UTV ангилал нь Дакар раллид шинээр орсон төрөл бөгөөд энэ төрлөөр авто спортын олимпд шилдгүүд уралдаад гурван жил л болж байна. ОУХМ Ө.Бямбадэлгэр өмнө нь Н.Лхамаагийн унаж уралдсан машинд чиглүүлэгчээр уралдсан бол түүний ах Ө.Бямбацогт нь 413 дугаартай машиныг унаж, хоёр Унгар тамирчинтай баг болон уралдаж байсан билээ. "Дакар-2019" раллид Монголын багийн тамирчид уралдахад бэлэн гэж ОУХМ Ө.Бямбацогт ярьж байна.

Манай багийн бэлтгэл ажил хангагдаад хөдлөх гэж байна. Уралдаанд оролцох техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан. Авто машины хувьд 2018 оны шинэ загварын техник бэлдсэн. Тоноглолын хувьд маш өндөр чанартай тоноглолууд авчирч тоноглосон. Замын нөхцөл байдал хүнд учраас түүнд зориулж их хичээж бэлдсэн байгаа. Сүүлийн байдлаар Перу улсын Лимад очоод 1 сарын 3-4 нд уралдаандаа оролцоно.

   Раллид Монгол Улсыг төлөөлөн оролцох ах дүүс  Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өрсөлдөж байна. Тэд Монголоос анх удаа SXS төрөл буюу UTV ангилалд уралдахаар бэлтгэлээ хангажээ. Тус ангилал нь 5000 км элсэн цөлийг туулах уралдаан бөгөөд арван үе шаттайгаар явагддаг. Авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр Монголын авто спортын 23 жилийн түүхтэй хамгийн том уралдаанд гурван жил дараалан оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн шилдэг тамирчин. Энэ удаагийн “Дакар”-т багийн ахлагч, чиглүүлэгчээр оролцож байгаа автоспортын ОУХМ Бямбадэлгэр ярьж байна.

Кабин нь задгай шилгүй уралддаг төрөл. Яг мотоцикл шиг задгай уралдаж тэр мэдрэмжийг авдаг. Энэ спортын хүнд хэцүү нь сайхан байдаг. Биеэрээ мэдэрч уралддаг учир тамирчиндаа сонирхолтой байдаг. 

   Дакар уралдаан жилээс жилд цар хүрээгээ тэлж байна. Нээлтийн ажиллагааг гэхэд нэг сая хүн газар дээрээс нь шууд үздэг бөгөөд тэмцээний турш буюу 14 хоногийн хугацаанд 100 гаруй сая хүнд хүрдэг ажээ. Интернэтээр буюу уралдааны албан ёсны хаяг болох www.dakar.com руу 81 сая хүн хандалт хийж 4.6 хүн youtube-ээр бичлэг үзэн 1.1 сая хүн фэйсбүүкээр уралдааны мэдээлэл авдаг гэсэн тоо баримт гарчээ.

Үзсэн: 2027

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна