Олон улсын олимпын хорооны Монгол Улс дахь үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав
Төсөл хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын олимпын холбооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Ноён Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцох цаг заваараа хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Олон улсын олимпын хорооны үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын спортын хөгжил, олимпын хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцлаа. Тухайлбал, Олон улсын хороо “Азийн хүүхдийн их наадам-2020” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж буйтай холбогдуулан залуу тамирчдыг мэргэжлийн арга зүйгээр сургаж, спортын амжилт гаргахад нь түлхэц үзүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Мөн “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад тэтгэлэг олгож, тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэж байгаа зэрэг Олон улсын олимпын хорооны Монгол Улс дахь үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдийн их наадам-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй талаараа танилцуулж, “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад өгч буй тэтгэлэг болоод зарим спортын төрөлд мэргэжлийн арга зүйгээр хангаж буйд талархал илэрхийллээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Үзсэн: 1229
Tweet