Бүргэдээр ан ав хийх уламжлал
Бүргэд хэдийгээр хээрийн зэрлэг жигүүртэн ч гэлээ их мэдрэмтгий, ухаантай, эзнийхээ аашийг андахгүй, дуугаар нь таньдаг, ярилцах дуртай байдаг бөгөөд хооллож ундлах цагаа ч анддаггүй
Дэлхийд шувуу тэжээж түүгээрээ ан ав хийдэг уламжлалт зан үйл, арга туршлагатай цөөхөн үндэстний нэг нь Казах үндэстэн. Казах үндэстэн нь Монгол Улсын 3 сая 220 гаруй мянган хүн амын 3.9 хувь, баруун бүсийн хүн амын 26 хувийг эзлэх бөгөөд Баян-Өлгий аймагт 75.7 хувь нь амьдарч байна.
Бүргэдээр ан хийх уламжлал казах түмний дунд өнөөг хүртэл язгуур хэв шинжээрээ өвлөгдөн ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Энэхүү уламжлал нь амьдрал ахуйн хэрэгцээ төдийгүй уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээний агуулгыг шингээснээрээ онцлог билээ.
Бүргэдийг ан хийж сургахад нарийн арчилгаа, хичээл зүтгэл шаарддаг. Бүргэдийг барьж ирээд хээрийн шувууны үнэрээс салгаж усанд булхуулан малын хашаа хорооны хөрзөнд өнхрүүлдэг байна. Ойр ойрхон гартаа авч өргөн, нүдний даруулгыг нь авч, эргэж өмсүүлэн дасгаж, илж таалж, эргэн тойрноо таниулж, дотночлон ярилцаж, эзэн хүнийхээ дуу хоолойг таниулдаг. Зориулалтын суурь модонд суулган сарвуу хумсыг нь татаж сунган аль болох нойрыг хулжаан ядрааж байж номхруулдаг. Номхорсон хойно нь моринд авч явж үнэг хярс, туулайн арьс чихмэлийг чирч үзүүлэн араас нь хөөцөлдүүлж барихад сургана. Мөн гар дээрээ дуудах дасгал хийнэ. Бүргэдийн ангийн анхны олзыг заавал ахмад хүнд барина. Олз хүртсэн хүн ерөөл айлдаж сайн сайхныг хүсэх учиртай. Бүргэд цаг бусаар үхвэл анх авсан оргил орчимд хүндэтгэн оршуулдаг зэрэг өвөрмөц ёс заншилтай. Бүргэдэд зориулсан хөлний уяа, нүдний даруулга, суурин суудал, моринд авч явахад суулгадаг ац тулгуур, бээлий, тэжээлийн уут, аяга зэрэг уламжлалт тоног хэрэгслийг казах түмэн одоо ч хэрэглэдэг. Бүргэдийн ан авын тухай тасралтгүй 50 жил бүргэд гаршуулж ан хийж буй бүргэдчин Аязбайгаас тодрууллаа. "Гаршуулсан бүргэдийг дээд тал нь 7 жил ашиглаад байгальд буцаан тавьдаг. Зарим нь гэртээ эргээд ирсэн тохиолдол ч бий. Нас минь дээр гарч байгаа учраас миний гар дээр байгаа энэ бүргэдээ удахгүй суллаж байгаль дээр нь тавина. Сүүлийн жилүүдэд бүргэдийн тоо цөөрсөн харагдаад байна. Тиймээс бүргэдийг 1-2 жил гаршуулаад суллах нь зүйтэй" гэж тэрээр хэлсэн юм.
Монгол оронд өдрийн махчин шувуудаас Шонхортон хэмээх багийн Явлагийнхан, Харцгайнхан, Шонхорынхон гэсэн 3 овогт хамрах 16 төрлийн 42 зүйл шувуу байдаг. Эдгээр 42 зүйл шувууны нэг нь Цармын бүргэд. Цармын бүргэд Ази, Европ, Хойд Америкийн нутгаар өргөн тархалттай бөгөөд Монгол оронд Монгол Алтайгаас Их Хянганы баруун сэжүүр хүртэлх тайга, ойт хээр, хээр говийн бүсийн далайн түвшнээс дээш 800-3000м өндөрт өргөгдсөн уул нуруу, хад цохио, ой бүхий нутгаар байршдаг.
Цармын бүргэд Европод 5000-6000, Азид 15000, Хойд Америкт 20000 орчим тоо толгой байгаа гэсэн мэдээлэл байдаг. Монгол оронд тоо толгойн тооллого хийгдээгүй бөгөөд тархац нутгийнхаа хүрээнд ердийн тааралдах шувуу. Монгол орны зүүнээс баруун хязгаар хүртэл тархсан боловч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн хад цохио, ой мод бүхий нутагт илүүтэй байршиж жилийн туршид суурин амьдардаг.
Дэлхийн улсуудад ан авд шонхор, харцага, бүргэд гэх мэт цөөн хэдэн зүйл шувууг ашигладаг. Монголын казахууд ан авдаа Цармын бүргэдийг ашигладаг нь дэлхийн олон оронд байхгүй уламжлалт соёлын нэг хэлбэр юм. Тиймээс энэ зан үйлийг цаашид тогтвортой хөгжүүлэх, бүргэдийн тоо толгойг хамгаалах зорилгоор монголын эрдэмтэд тус аймгийн бүргэдчидтэй хамтран дэлхийд анх удаа бүргэдэд дохио дамжуулах төхөөрөмж суурилуулжээ. Энэхүү GPS буюу дохио дамжуулагч төхөөрөмж нь нарны туяагаар цэнэглэгддэг, хоёр цаг тутамд эрдэмтдэд бүргэдийн байршлын талаарх мэдээлэл дамжуулах бөгөөд олон жилийн турш ашиглах боломжтой. Одоогийн энэхүү төхөөрөмжийг 10 цармын бүргэдэд сууриулуулаад байгаа гэж доктор Цэвээнмядаг ярьлаа. "Цармын бүргэдийг байгаль дээрээ хэд насалдгийг тодорхой мэдэх боломж байхгүй байгаа юм. Үүнийг мэдэхийн тулд тодорхой дамжуулагч юм уу бөгж зүүж байж мэднэ. Бидний одоо мэдэж байгаагаар тэжээж байсан цармын бүргэд дээд тал нь 30 гаруй насалсан гэдэг мэдээлэлтэй байна".
Бүргэд хэдийгээр хээрийн зэрлэг жигүүртэн ч гэлээ их мэдрэмтгий, ухаантай, эзнийхээ аашийг андахгүй, дуугаар нь таньдаг, ярилцах дуртай байдаг бөгөөд хооллож ундлах цагаа ч анддаггүй. Судалгаанаас үзэхэд бүргэдийг 5-6 настайд нь байгальд эргүүлэн тавьдаг. Харин ан хийх чадвар сайтай бүргэдийг 10 нас хүртэл нь тэжээдэг тухай “Монголын цармын бүргэд” нийгэмлэгийн тэргүүн Атай ярьж байна. "Монголын зэрлэг ан амьтан судлах төвийн эрдэмтэд анх удаа цармын бүргэдийг дохио зүүх аргаар судлах шинэ технолог нэвтрүүлж, нас бие гүйцсэн мөн зарим хөгшин бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ажлыг эхлүүлээд байна".
Цармын бүргэдийн ажиглалт, судалгаа явуулах, шилжилт хөдөлгөөн болон бүргэдийн бүртгэл, үхэл хорогдол зэрэгт хяналт тавих үүднээс бөгжлөх ажлыг хийдэг. Мөн фото зураг, биеийн хэмжээ зэргийг нь судлан нарийн мэдээлэл цуглуулж сан байгуулжээ. Тэгвэл дохио дамжуулагч төхөөрөмж суурилуулснаар цармын бүргэдийн талаар илүү нарийн судлан шинжлэх боломж бүрдэж байна. Сонирхуулахад, Баян-Өлгий аймагт “Монголын Цармын бүргэд нийгэмлэг” 2002 онд байгуулагдаж 380 гишүүн бүртгэжээ. Японы Үндэсний нум сум хэрэглэгчдийн холбоотой хамтран ажиллах 15 жилийн гэрээ байгуулж бүргэдийнхээ гуужиж унасан өдийг цуглуулж борлуулан 8-10 сая төгрөгийн орлого олдог байна. 25см-ээс илүү урттай өдийг нум сумны залуурт ашиглах зорилгоор авдаг байна.
Үзсэн: 2971
Tweet
Dekevigo
24 May 2022 06:50:29
hydroxychloroquine uses rheumatoid arthritis <a href="https://toplaquenil.com/">hydroxychloroquine uses</a> weaning off plaquenil
7.01hdyrp3fsb5pd6nwhvhm29qdb@mail4u.life
30 Oct 2023 07:13:37
voluptas quia ea quis cupiditate ut voluptate velit sint aliquid ut. laborum ut totam ipsum tempore officiis repudiandae nihil eveniet officiis optio. minima libero saepe consequatur ullam voluptas di