Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Уулын эзэн


Densmaa 2018-10-19 03:10

Ирвэс амьдардаг уулын амьдрал эрүүл, байгалийн Экосистем нь тэнцвэртэй байдаг гэж үздэг

 

       Уулсын эзэн гэгддэг цоохор ирвэс нь монголчуудын бахархалт амьтдын нэг. Тэрээр Мийнхэний төрөлд багтана. Энэ төрөлд Арслан, Бар, Ирвэс  багтана. Бие гүйцсэн цоохор ирвэсийн биеийн урт 103-130 см, сүүлний урт 92-105 см, 23-41 кг жинтэй. Тавхайн урт 9-11 см. Цайвар шаргалдуу, үүлэн саарал дэвсгэр дээр тод дугуй хар толбо бүхий гоёмсог арьстай. Хар цоохор ирвэсийг залуу, харин шаргал цоохор ирвэсийг бие гүйцсэн гэнэ. Гадаад байдлаар нь эр, эмийг нь ялгахад бэрх. Ажиглавал эр ирвэс эмээсээ арай том, бахим тул эр, эм ирвэс нэг дор байх үед нь энэ мэтээр харьцуулан харж ялгадаг. Монголчууд ирвэсийн эрийг нь Гэнд, эмийг нь Гинс, төлийг нь Гүем гэнэ. Ирвэс гэдэг үг нь эртний Түрэг хэлээр Ирбийз буюу цасны муур гэсэн утгатай. Цоохор ирвэс Экосистемд ямар үүрэгтэй, хаагуур хаагуур нутагладаг тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Зүйл”-ийн мэргэжилтэн Гантулгаас тодруулахад "Дэлхий нийтээр Ирвэсийг яагаад хамгаалаад байна вэ гэхээр Ирвэс өөрөө өндөр уулын Экосистемийг барьж байдаг амьтан. Нэг үгээр хэлбэл байгалийн тэнцвэрийг бий болгогч махчин. Ирвэс амьдардаг өндөр уулын бүс нутагт Аргаль, Янгир мэтийн өвсөн идэштэн амьдрах тул тэдний өсөлт, хөдөлгөөнийг зохицуулж байдаг. Хэрэв өндөр уулын бүс нутагт Ирвэс үгүй бол зэрлэг өвсөн идэштэнүүд хэт их өсөх, мал амьтны халдварт өвчин гарах эрсдэлтэй. Мөн ан амьтны шилжилт хөдөлгөөн үгүй болсноор зарим ургамлын төрөл зүйл устаж үгүй болох, булаг шанд ширгэж усны горим алдагдана. Усны горим өөрчлөгдсөнөөр уулын үер буух эрсдэл нэмэгддэг. Ирвэс дотроо гурван дэд зүйлтэй. Монголд Пантренциа Ирбийс гэх дэд зүйл амьдардаг. Гималайн нуруунд нэг дэд зүйл нь, Кашмер, Факистан, Афганстан, Узбекстан, Киргизстан зэрэг орнуудад 3 дахь дэд зүйл нь амьдардаг. Өнөөдөр Монголд хэд хичнээн тоо толгой бүхий Ирвэс байгааг тооцон гаргасан зүйл байхгүй. Яагаад гэхээр Ирвэс өөрөө маш их нууцлагдмал амьдралтай учир нарийн тэгж тоолох, тоо мэдээ гаргах боломж харьцангуй багатай. Өнөөдөр Монголын ирвэс 500-1000-ын хооронд хэлбэлзэж байгаа гэсэн багцаа байна. Энэ жил Дэлхийн байгаль хамгаалах сан бусад байгууллагуудтайгаа хамтарч Монголд хэдэн ирвэс байна, хаагуур хаагуур нутаглаж байна гэсэн  судалгааг явуулна. Ирэх жил судалгаа, шинжилгээний нэгдсэн дүн мэдээ гарах юм" гэлээ.

           Аливаа амьтныг байгаль дээр нь хамгаалж, хадгалан үлдэнэ гэдэг нь түүний орогнон бүгэх, тайван амьдрах, үржих, төллөх, тухлан амрах гэр орон, идэш тэжээл, ундлах усыг нь багтаасан “амьдрах орчин”-ыг нь хэвээр байлгахыг хэлнэ. Цоохор ирвэс амьдралынхаа ихэнх хугацааг өвс ургамал тачир, хад асга ихтэй эгц цавчим хясаа цохио, нугачаа сархиаг ихтэй өндөр ууланд өнгөрүүлдэг. Тэдний жинхэнэ амьдрах орчин далайн төвнээс дээш 3000-5000 метр өндөрт оршино. Зуны улиралд 3660-3970 метрийн өндөрт хүн хүрч очиход бэрх газарт амьдрана. Тэрээр Аргаль, Янгираас гадна тарвага, туулай, огдой, бусад мэрэгчдээр хооллоно. Хойлог, хахилаг, ятуу зэрэг уулын шувуудыг зооглоно.   Зарим судлаач ирвэс нь идсэн хоол тэжээлээ шингээх болон гэдсэн дэх паразит амьтдыг багасгах үүднээс өвс, ургамал иддэг байж болох талтай хэмээн таамагладаг. Ирвэсийн идэш тэжээлийн бүрдэлийг тодорхойлохын тулд ялгадасыг нь задлан шинжилж үзжээ. 27 удаагийн судалгааны 20-д нь янгирын, 7-д нь тарваганы, 1-д нь сарлагын мах идсэн гэсэн дүн гарав.

      Нэг ирвэс жилд дунджаар 16 янгир ямаа барих шаардлагатай байна. Сард хоёроос доошгүй буюу 10-15 хоног тутамд нэг амьтан агнана. Энэ мэтээр ирвэсийг тураг ан, амьтанд хөнөөлтэй гэж буруу боддогоос агнах явдал эрс ихэссэн нь түүний тоо толгой цөөрөх, улам нууцлаг амьдралд шилжүүлсэн юм. Ирвэс устаж үгүй болбол байгальд ямар их эрсдэл нүүрлэж болохыг дээр өгүүлсэн. Иймд түүнийг хэрхэн өсгөх, хайрлан хамгаалах тухай байгаль хамгаалагч ярихдаа "Манай Монголчууд тэр дундаа малчдад маань ирвэсийг “Уулын эзэн” гэж хүндэтгэдэг. Хот руу нь гэтэж дөрөв таван малыг нь гоочлоход нэг их харамсаад байдаггүй. Байгалийн жам гэж үздэг. Харин удаа дараа гэтэх мал сүргийг нь олноор нь сүйтгэхэд ирвэст өширхөх сэтгэл нь төрдөг. Энэ нь малын тоо толгой эрс өссөн, нам дор газарт хур чийг бага унаж өвсний гарц тааруу байдгаас малчид уулын бэл өөд мал сүргээ бэлчээрлүүлэх нь их болсон, нэг үгээр хэлбэл дээр өгүүлсэнчлэн ирвэсний орогнон бүгэх, тайван амьдрах, үржих, төллөх, тухлах орон зайг нь хавчсантай холбоотой юм. Ирвэс өсөхгүй хорогдоод байгаа өөр нэгэн шалтгаан бол анчдын чоно, тарваганд зүүсэн хавханд  орж үрэгдэх байдал хэвээр байна. Монгол алтайн нуруу, Байдрагийн нуруу, Өмнөговийн Хөрхийн нуруунд мөн Хангайн зарим салбар уулс, Хөвсгөлийн уулсаар бий. Олон уул нурууны нэр дурьдахаар их юм байна гэж ойлгож болохгүй л дээ. Ан амьтнаа дагаад нааш цааш  шилжих хөдөлгөөнтэйгээр цөөн бий шүү дээ" гэсэн юм. 

       Ирвэсийн амьдрах орон зай багасахын хэрээр хариулгагүй яваа адуу, хонь, сарлаг руу гэтнэ. Чоно шиг нэг дор олон амьтан барьж сэгэлдэггүй цэвэр идэштэн. Тураг амьтан барьвал түүнийгээ 2-7 хоног иддэг. Ирвэсийн барьсан олзыг бусад амьтан тэр бүрий олзолдоггүй. Цоохор ирвэсийн идэш тэжээлийн бүрэлдэхүүний 15 хувийг ургамал, 7 хувийг шороо эзэлдэг гэвэл та итгэхүү. Сонирхуулан өгүүлэхэд ирвэс нь өндөр цохионоос үсэрч ан дээрээ бууж чадахгүй бол буцаад дахин дахин үсэрч дадлага хийдэг юм билээ гэж хачир анчид өгүүлдэг.

       Монгол орны өндөр уул нуруудын хатуу ширүүн амьдралтай өдөр бүр тулгардаг Ирвэсэнд бусад амьтнаас үзүүлэх нөлөөлөл үндсэндээ байхгүй хэдий ч үр төлийг нь махчин шувуу шүүрэх, хулгайн анчид сорчлон  хороодог зэргээс өсөх нь бага байна. Ирвэс амьдардаг уулын амьдрал эрүүл, байгалийн Экосистем нь тэнцвэртэй байдаг гэж үздэг. Аргаль, янгир, тарвага, бусад мэрэгч, шувуу, сээр нуруугүйтэн гэх мэт өвсөн тэжээлт амьтад хэвийн байгаа бол тэр уулын ургамлын гарц хэвийн эсвэл сайн байгааг илтгэнэ. Энэ бүгд нь “Уулын эзэн” цоохор ирвэсний гавъяа билээ.

 

 

Үзсэн: 2540

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна