Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хүн ба хүнс


Densmaa 2018-10-17 03:10

Хүнс үйлдвэрлэгчид орлогын хойноос хэт хөөцөлдөх байдлаас ангижрах цаг болсон гэж хүнсчдийн холбоо үзэж байна

Өнөөдөр “Дэлхийн хүнсний өдөр”. 1981 оны 10 дугаар сарын 16-ны энэ өдөр НҮБ “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэж байхаар тогтсон. Энэ хүрээнд НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гишүүн орнуудаас хүнсний хангамжийг тогтворжуулах, шим тэжээллэг чанарыг нь нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтыг дэвшүүлжээ.Энэ тухай бэлтгэсэн “Хүн ба хүнс” сурвалжилсан тэмдэглэл сонсоно уу.

                                                      Хөгжим

      Нэвт: Монгол орны газар зүйн байршил, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, бэлчээрийн мал аж ахуйн хэв шинжийн онцлог, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хүн амын хүнсний хангамж, чанар, эрүүл, аюулгүй байдал анхаарал татсан хэвээр байна. Монголчууд бид мах сүү, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа бол сахар, жимс, ургамлын тос, цагаан будаагаа импортоор авч, харин хүнсний ногоо улирлаас хамаарч байна. Өнөөдөр манай орны тав хүртэлх насны 6 хүүхэд тутмын нэг нь, өсвөр насны 8 хүүхэд тутмын гурав нь илүүдэл жин, таргалалттай аж.

Эрүүл, аюулгүй хүнс улс орны оршин тогтнох үндэс. Эрүүл аюулгүй хүнсийг сонгох, зохистой хэрэглээг бий болгох, дадал хэвшилд суралцах нь энгийн зүйлээс эхлэнэ гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Тухайлбал, эрхэм Та өдрийн давсны хэрэглээгээ багасгах төдийд таны зүрх судасны өвчлөл багасаж, илүүдэл жин буурч, биеийн ерөнхий байдал эрс сайжирдаг ажээ.

Манай улс дэлхийн хүнсчдийн өдрийг угтан ямар ажил зохиож буйг Хүнс хөдөө аж ахуйн яамны хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Батбаатараас тодрууллаа.

       /Хальс/ Батбаатар: Манай улс НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хүнсчдийн холбоотой хамтран тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Хүнсний аюулгүй байдал нь тухайн улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Ер нь хүнсний бүтээгдэхүүн нь хүний өдөр тутмын суурь хэрэглээ учир эмзэг зүйл. Тиймээс хүнсний хангамжийг тогтворжуулах, шим тэжээллэг чанарыг нь нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг нь хангах тал дээр төрийн бодлого чиглэгддэг. Манай улс энэ өдрийг угтаад давс багатай хүнсний үйлдвэрлэлийг дэмжье гэсэн арга хэмжээг улс орон даяар өрнүүлэх гэж байна. Эхний арга хэмжээг энэ ондоо харин хоёр дахь үе шатыг ирэх онд хөдөө орон нутаг руу хандуулна. Эрүүл аюулгүй хүнсний эх үүсвэр нь хөрс юм. Тийм ч учраас МУ-ын Засгийн газар  өнгөрсөн 5-р сард газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Үүний ач холбогдол нь газар тариаланг урт хугацааны турш тогтвортой, үр ашигтай, хөгжүүлэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлж байна. Хөрс хамгаалах өдөртэй ч болсон. Энэ өдрөөр газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон олон нийтэд газрын үнэ цэнэ, хөрс хамгаалахын учир шалтгааныг таниулахад оршиж байна. Махны хувьд ч мөн эрүүл газартай холбоотой тул эрүүл чанартай, мах махан бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэх зорилт дэвшүүлээд байгаа.

        Нэвт: Хүн амын хоол тэжээлийн байдалд хүнсний хангамж болон хүртээмж, усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал, өвчлөл, амьдралын хэв маягийн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тиймээс хоол тэжээлийн байдлыг сайжруулах асуудлыг зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд бус хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хамгаалал, боловсрол, дэд бүтэц зэрэг бусад салбарын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан зохицуулах шаардлага бий. Хоол тэжээлээс хамаарал бүхий аливаа эмгэг, халдварт бус өвчин, таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин, ходоод гэдэсний өвчин, харвалт болон хавдраас сэргийлэхэд ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол хамгаас чухал. Ард иргэдийг хүнсний зөв сонголт хийхэд туслах, зохистой хэрэглээг бий болгоход нийгэмд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоо нэмэгдэж байна. Өнөөдөр хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд “Монголын хүнсний холбоо”-нд нэгдэж нэгдсэн холбоо байгуулахаар санал нийлжээ. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахад чухал нөлөө үзүүлнэ гэж Монголын хүнсний холбооноос үзэж байна. Энэ тухай Монголын хүнсний холбооны үйл ажиллагааны тухай тус холбооны гүйцэтгэх захирал Нармандахын ярианд анхаарлаа хандуулна уу.  

        /Хальс/ Нармандах:Монголын хүнсний холбоо хэрэглэгчдэдээ хүнсний зөв сонголт хийх, зохистой хэрэглээг бий болгох хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн боловсролыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна. Хүнсний салбарт мэдлэг боловсролтой, ажлын арвин туршлагатай шилдэг боловсон хүчин их бий. Тэднийхээ мэдлэг боловсролд тулгуурлан хүнсний салбарынхаа урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж байна. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2015 онд баталсан “Хүнсний аюулгүй байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г баримтлан боловсруулах юм. Энэ төлөвлөгөөг хүнс үйлдвэрлэгч өөрсдөө боловсруулж байгаа учир амьдралд бүрэн хэрэгжих нөгөө талаар цаашид ямарч Засгийн газар солигдсон ч хэрэгжиж байхаар тооцоолсон. Стратеги төлөвлөгөөний дагуу Засгийн газар, хүнсний холбоо болон бусад төрийн бус байгууллагууд ямар байр сууринаас оролцох вэ гэсэн бүх талын оролцоог хангах юм. Салбарын суурь судалгааг  хийж байна. Судалгааны урьдчилсан байдлаас харахад хүнсний салбарыг гинжин хэлхээгээр хөгжүүлэх нь үр дүнтэй юм байна гэдэг нь харагдаж байна.

        Нэвт: Хүнс үйлдвэрлэгчид орлогын хойноос хэт хөөцөлдөх байдлаас ангижрах цаг болсон гэж хүнсчдийн холбоо үзэж байна. Хүнсний бүтээгдэхүүнд байх чихэр, давсны стандартыг мөрдөх, ханасан болон транс тосны агууламжтай хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах, хяналт тавих үйлчилгээний байгууллагын хоол үйлдвэрлэл, хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэдийг хоол тэжээлийн дутлын эрсдэлээс хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл дэх хүн амын хоол тэжээлийн хэрэгцээг хангах зэрэг “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийн зүйл заалтууд чухлаар тавигдаж байна.

Үзсэн: 1275

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна