УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганд оролцож байна
2019 онд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулна
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Бямбацогт, Б.Саранчимэг нар оролцож байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид чуулганы эхний өдөр Олон Улсын Парламентын Холбооны Ази-Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурал ОУПХ-той хамтран 2019 оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн ээлжит чуулганы талаар мэдээлэл хийж, монголын парламент бүлгийн гишүүдийг тодорхой мэдээллээр цаг тухайд нь хангаж ажиллахаа мэдэгдэв. Мөн хуралдаанаар ОУПХ-ны холбогдох албан тушаалуудад Ази-Номхон далайн бүлгээс нэр дэвшигчдийг сонгох сонгууль боллоо. Энэ удаагийн 139 дүгээр чуулганаар батлах тогтоолын төслүүдийг боловсруулж, эцэслэх чиглэлтэй Төслийн хороонд УИХ-ын гишүүн Л.Болд сонгогдож ажиллахаар болов.
Үзсэн: 1140
Tweet