Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол түүхэн бичиг үсэг "Тод бичиг"


Densmaa 2018-10-10 06:10

"Сонирхолтой Монгол" цуврал энэ удаад "Тод бичиг"-ийн талаар онцлон сонирхуулахаар зэхлээ.

   Олон зууны туршид  Монгол хэлийг бичигт буулгах цөөнгүй үсэг зохиогдсоор иржээ. Тухайлбал  Монгол бичиг, Ланз, Төвд үсэг, Соёмбо, Хэвтээ дөрвөлжин үсэг, Тод бичиг, Вагиндрагийн, Дөрвөлжин бичиг, Кирил зэрэг бичиг үсгийг Монголчууд түүхийн явцад хэрэглэсээр ирсэн. Эдгээр бичиг үсгийн дундаас Тод үсэг үүссэний 370 жилийн ой энэ онд тохиож байна. Тод үсгийг тодорхой үсэг гэдэг. Энэ үсгийг Ойрадын Зая бандид Намхайжамц 1648 онд зохиожээ. Тод бичиг гэж нэрлэсэн нь худам монгол бичгийг тухайн цагийн ярианы хэлтэй ойртуулан, авиа бүрийг илүү тодорхой ялган тэмдэглэхийг оролдсонтой холбоотой. Тод бичиг нь  худам монгол бичгээс даван гарч, нийт монголчуудын бичиг үсэг болж чадаагүй ч Ойрадын албан ёсны бичиг болон хэрэглэгдэж байжээ. Тод бичиг зохиогдсоноор ойрадын утга зохиолын хэл бий болж, бурхны шашин, анагаах ухаан, түүх, соёл, орчуулга зэрэг бүхий л салбарын ном зохиол тус бичгээр бичигдсэн байна. Түүгээр ч барахгүй, хөрш зэргэлдээх улсуудтай харилцах албан бичгийг тод бичиг, хэрэглэж байсны гэрч дурсгал одоо хүртэл уламжлагдан иржээ. Тод бичгийг ойрадууд 1920-оод он хүртэл, халимгууд 1924 он хүртэл хэрэглэж байв. Харин Хятад дахь ойрадууд одоо болтол тод бичгийг хэрэглэж, ном зохиол гаргасаар байна.  Тод бичиг нь үндсэн 26 үсэгтэй. Эл бичгээр үлдсэн ном судар, дурсгал Монгол улс, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Унгар, Дани, Франц зэрэг орнуудын номын сан, архивт хадгалагдаж байна гэж МУБИС-ийн дэд профессор, “Тод номын гэрэл төв” –ийн гүйцэтгэх захирал түүхийн ухааны доктор На.Сүхбаатар хэллээ.

   На.Сүхбаатар: Тод үсэг түүхэнд 370-аад жилийг туулж иржээ. Тод үсгийн түүхэн хөгжлийг гурав хувааж авч үздэг. 1948-1671 оны хооронд тод үсэг маш өргөн дэлгэрсэн. Халимгийн төрийн байгууллага тод үсгийг хэрэглэж байна. Мөн дунд сургуульд тод үсгийн хичээлийг сонголтоор заадаг. Бүх хаяг реклам шоуны ард талын бичгийг тод үсгээр бичиж байна. Харин Шинжаанд 1980-аад он хүртэл тод үсгээ авч явж ирсэн. Шинжааны Монгол талын удирдагчид нь ярилцаад Монгол бичгийг сонгосон. Мөн Монгол хэлээр хэвлэгдэж байгаа бүх номын 10-15 орчим нь тод бичгээр хэвлэдэг. Мөн өдөр тутмын сонин тод үсгээр гардаг. Бүх эрдэмтэд тод үсгээ мэддэг. Харин Монгол улсын энэ үсгийг сурах эрмэлзэлтэй хүмүүс цөөнгүй байна. Сум орон нутаг амьдарч байгаа иргэд илүү их суралцах сонирхолтой. Энэ нь айл өрх бүрт тод үсгийн ном судар байдагтай холбоотой. Шүтлэг бишрэлтэй холбоотой учраас тод бичиг устчихгүй өнөөг хүрлээ. Монгол улсын хэмжээнд байгаа тод үсгээр бичигдсэн судар номыг бүртгэх ажлыг “Тод номын гэрэл төв”-өөс хийж байна. Одоогоор “Тод үсэг 21-р зуун”нэртэй засгийн газрын захиалгат энэ төслийн хүрээнд энэ бүртгэлийг хийж байгаа юм.

   Зүүн гарын хаант улсын үеэс эхлэн ном судрыг барладаг байв. Тод үсгээр барласан ном судар Шинжаан, Халимаг, Монголд бий. 1740-аад оноос хойш зүүн гарын хаан Галданцэрэнгийн зарлигаар Алтангэрэл, Жадаба зэрэг их хөлгөн судар зэргээс эхлээд тод бичигтэй ном судрыг бүгдийг нь цуглуулж дахин нягталж барласан байна. Мөн ойрдуудын дунд ном салгах ёс гэж нарийн тогтсон дэгтэй байж. Өөрөөр хэлбэл нэг номыг хуулбарлахыг “Ном салгах” ёс гэдэг. “Нэг үсэг гээвэл нүд гэмтэнэ, Нэг үг гээвэл хөл унжирна” гэсэн үг хэллэг ч бий болжээ. Номыг салгахдаа анхны эх хувиас нь ялгахааргүй бүтээдэг байсан. Тухайлбал Алтангэрэл судрыг салгахад нэг адууны үнэтэй байж. Ном салгуулахыг хүссэн хүн лам багшийг шавь нарын хамтаар гэртээ залж тусгайлсан гэр барьж, хооллож цайлдаг байсан нь ихэд сонирхолтой ажээ.

   На Сүхбаатар: Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд мянга гаруй тод үсгийн дурсгал байна. Үндэсний номын санд 370 гаруй дурсгал бий. Мөн үндэсний архивын газар 30 шахам, Ховд их сургуульд 150 орчим дурсгал байна. Увс аймгийн орон нутгийн музейд 400 гаруй судар байна.  Эхний ээлжид байгууллагад байгаа судраа катлогижуулана. Ингэж суурь бааз бэлдэнэ. Мөн хувь хүн айл өрхүүдэд байгаа тод бичгийн дурсгалыг тоолоогүй. Айл өрхүүдэд их хэмжээний дурсгал бий. Шинжаанаас Илийн гол дагуу хамгийн их ном судар олдсон. Тэндээс хэдэн мянган дурсгал, ном судар илрүүлээд байна. Бээжингийн төвийн үндэсний их сургуулийн багш Мянгад эрдэмтэн сүүлийн 20 шахам жил энэ судалгааг хийсэн. Маш ховор нандин дурсгалыг цуглуулж байна. Зая бандид Намхайжамц 178 судрыг төв хэлнээс тод бичиг рүү орчуулж хэвлэсэн. Шавь нарынх нь 30 орчим. “Сарны гэрэл” сурвалж бичиг дээр бүртгэл байдаг. 187 судраас Монгол болон Оросоос 65 судрыг нь бүртгэсэн. Мянгад эрдэмтэн Шинжаанаас 68 судрыг бүртгэсэн. Энэ нь давхардалтай тоо. Давхардлыг нь хасахаар 107 нь олдоод байна. Монгол улсад шинээр олсон. Зарим нь худам монгол бичгээр бичигдэж үлдсэн дурсгал бий. 

   “Тод үсэг 21-р зуун” төслийн хүрээнд цөөнгүй ажил хийж байна. Байгууллагуудад байгаа бичиг дурсгалыг каталогжуулаад ховор шилдэг бүтээлийг дээжлэн хэвлүүлэхээс гадна тод үсгийг компьютерт оруулж бичдэг системийг хийгээд байна. Мөн халимаг болон бусад бүх сурах бичгийг харьцуулж сурах бичиг, толь бичиг болон аудио хэлбэрээр хэвлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Тод үсгийн орон нутгийн түшиц газар байгууллаа. Увс аймгийн Наранбулаг сумын ард иргэд тод үсэг бичгээ дээдлэх үзэлтэй, сурахыг эрмэлзсэн хүүхэд залуус олонтой тиймээс энд түшиц газар байгуулахаар болжээ. Увс аймгийн Улаангомын хүрээнд шавилж байсан лам нар 1990-ээд оноос залуу хойч үед тод үсгээ өвлүүлж, заан сургасаар ирсэн байна. Энэ уламжлал нь өнөө цагт тод үсгээ, хайрлан хүндэтгэх зөв төлөвшлийг авч ирсэн гэж Наранбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч. Сундуйжав хэллээ.

   Ч.Сундуйжав: Тод номын гэрэл төвөөс сургалтын гарын авлага, сурах бичиг хэвлэхээр зэхэж байна. Ном гарчихвал Наранбулаг суманд 7-14 хоногийн тод бичгийн сургалт явуулна. Ингэхдээ мэддэг, судалдаг, сурах сонирхолтой хүмүүст тус тусад нь заана. Мөн зайны сургалтаар сургалтаа явуулахаар төлөвлөж байна. Суманд хоёр ээлжээр 30-аад хүмүүс сургана. Орон нутгаас байр, хоол бусад зүйлийг нь хариуцна. Ойрадын түүх соёл, ардын аман зохиол, яруу найрыг бүтээлүүд тод бичгээр бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тод бичгийг зүүн гарын хаант улсын эх бичиг болгож чадсан. Тиймээс түүх соёлоо судлан дэлгэрүүлэх зорилгоор энэ сургалтыг явуулж байгаа юм.

   Ховд аймгийн Манхан, Баян-Өлгийн аймгийн Буянт, Увс аймгийн Наранбулаг зэрэг гурван суманд тод үсгийн сургалт хийхээр эхний ээлжид төлөвлөөд байна. Цаашид сургагч багш бэлтгэхээс гадна зайн сургалтыг явуулах юм. Тод үсгийг сэргээн дэлгэрүүлснээр баруун Монголын аялгуу сэргэх сайн талтай. Өдгөө тод үсгийг судлах эрдэмтдийн тоо нэмэгдсээр байна. Монгол, Халимаг, Шинжаанд олон арван эрдэмтэн тод үсэгтэй холбоотой судалгаа, шинжилгээгээ танилцуулж тод үсгийг судлан дэлгэрүүлэх ажил  монгол туургатан даяар өрнөсөөр байгаа юм. 

Үзсэн: 5464

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)