Монгол эрдэмтэд бичил биет ашиглан хөрсний бордоо, малын тэжээл үйлдвэрлэжээ
Хүний биеийн эсээс 3 дахин олон тооны бичил биет арьс болон гэдсэнд оршиж дархлааг дэмжиж, витаминыг нийлэгжүүлдэг.
Бичил биет нь Монгол улсын тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх, хөрсийг нөхөн сэргээх, антибиотикт тэсвэртэй нянг эмчлэх, үйлдвэрлэл явуулахад чухал ач холбогдолтойг болохыг олон улсын эрдэмтэд онцлов. Австрали, БНХАУ, Их Британи, Индонези, Малайз, Япон зэрэг орны 80 гаруй эрдэмтэн, судлаач УБ хотноо бичил биетний судалгаа, шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Манай эрдэмтэд бичил биетнийг ашиглах чиглэлээр 20 гаруй шинэ бүтээл хийж, 40 оновчтой санал стандарт, технологи боловсруулав. Тухайлбал, бичил биет ашиглан хөрсний бордоо, малын тэжээл үйлдвэрлэж, антибиотикт тэсвэртэй нянг устгахын тулд бичил биетийг ашигласан байна. Мөн японы томоохон компани манай өсгөврийг ашиглах гэрээ байгуулж шинэ ундаа гаргаж авчээ. Хүмүүс биологийн нөөцийг ихэвчлэн амьтан, ургамлаар төсөөлдөг. Гэтэл үүнд бактери, мөөгөнцөр, замаг гэх мэт бичил биет биологийн олон янз, генетик нөөцийн чухал хэсгийг бүрдүүлж байдаг. Бичил биет бидний нүдэнд харагдахгүй боловч дэлхийн ертөнцийн оршин тогтнолд чухал үүрэгтэй. Тухайлбал, дэлхийн хүчил төрөгчийн 50 хувийг бичил биетүүд ялгаруулдаг. Түүнчлэн хүний биеийн эсээс 3 дахин олон тооны бичил биет арьс болон гэдсэнд оршиж дархлааг дэмжиж, витаминыг нийлэгжүүлдэг ажээ.
Үзсэн: 1020
Tweet