Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймаг дахь ноос, ноолуур боловсруулах үйлдвэрээр зочиллоо.
Жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрт 300-350 хүн ажилладаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрт 300-350 хүн ажилладаг. Нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байгаа ч үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын хичээл зүтгэлээс үл шалтгаалах хэд, хэдэн бэрхшээл энэ салбарт өнөө хэр тулгамдаж байгааг дуулгалаа. Оновчтой үйлдвэрлэлээ олж сонгоод, Засгийн газраас дэмжээд явах юм бол Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломжтой гэж ажилчид хэлж байв.
Үзсэн: 1139
Tweet