Академич Д.Доржготов ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал хүртлээ
Академич Д.Доржготов Монгол орны газар зүйн экосистемийн атласыг хэвлүүлэхээр судалгаа хийж байна.
ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготовт олголоо. Энэ шагналыг газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг удаа олгодог. Академич Д.Доржготов ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн боллоо. Шагналыг ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов гардуулсан юм. Одоо түүний ярианд анхаарлаа хандуулъя.
Н.С.Касимов: Манай оросын газар зүйн нийгэмлэг бол дэлхий дээрх хамгийн эртний нийгэмлэг. 1845 онд үүсгэн байгуулагдсан. Насаар нь авч үзвэл дэлхийд 5-р байрт жагсдаг. Оросын газар зүйн нийгэмлэгийн шагналыг 18, 19-р зуунаас эхлэн төв азид газар зүйн чиглэлээр томоохон судалгаа хийсэн хүмүүст олгож байна. Академич Доржготов гуай бол Монголын болон төв Азийн газар зүйн судалгааны маш олон том бүтээл гаргасан учраас Оросын газар зүйн нийгэмлэгээс Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг гардуулж байна. Бид Газар зүйн хүрээлэнтэй олон жил хамтарч ажилласан. Ингэж ажиллахдаа Сэлэнгийн сав газрын Оросын болон Монголын талын томоохон хотуудын экологи газар зүйн үнэлгээг хийж гаргаж ирсэн. Энэ бол томоохон бүтээл хамтарсан ажлууд болж байгаа юм.
ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийг тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу тэргүүлдэг төдийгүй дэд ерөнхийлөгч бөгөөд ивээн тэтгэгчдийн зөвлөлийн даргаар нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ажилладаг. Академич Д.Доржготов Монгол орны хөрсний судалгаа, хөрс газар зүйн судалгааг хийсэн юм. Тэрээр Монгол орны хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчийн нэг. Энэ салбарт анхны шанг татсан бүтээл, нээлтүүд цөөнгүй. Тухайлбал Монголд анх удаа хөрсний зургийг зохиосон. Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн. Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан. Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлсон зэргийг нь дурдаж болно. Монгол орны хөрсний зургууд, Байгаль нуурын сав газрын экологийн атлас болон Монгол орны үндэсний атласууд гээд түүний 290 гаруй бүтээл бий. Энэ бүтээлүүдийг хийхдээ Оросын эрдэмтэдтэй олон жил хамтран ажилласан байна. Сүүлийн үед эко геохимийн асуудал, байгаль орчны бохирдол, доройтлын асуудлаар оросуудтай хамтран судалгаа хийж байна.
Д.Доржготовт: Би Монгол орны газар зүйн судалгааг 1963 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө олон арван шавь нартайгаа,оросын олон эрдэмтэдтэй хамтран хийж байна. Энэ хугацаанд олон арван ном бүтээл, олон арван газар зүйн атлас монгол болон Орос, Герман, хятад хэл дээр хэвлүүлсэн. Ихэнх нь бүтээл нь шавь нартайгаа болон Оросын судлаачидтай хамтарч хийсэн бүтээл байна. Манай орон бол төв азийн гол нутаг 1870-аад оноос хойш өнөөг хүртэл 150 жил болж байна. Энэ хугацаанд монгол орны газар зүйн үнэлж баршгүй маш олон бүтээл гарсан. Монгол орны газарзүйн судалгаанд оросын эрдэмтэд 150 жил хөлс, хүчээ зарцуулсан. Үүний үр дүнд Монголын байгаль, газар зүйн судалгаа хөл дээрээ боссон гэж хэлж болно. Энэ зөвхөн намайг шагнаж байгаа зүйл биш. Судалгаанд оролцсон бүх шавь, эрдэмтэн судлаачдын хүч хөдөлмөрийн үнэлсэн шагнал. Одоо бид зуун жилийн өмнө хийж байсан судалгааг дахин эхэлж байгаа. Энэхүү судалгаагаар өмнө нь ямар байсан, одоо яаж өөрчлөгдсөн гэх зэрэг зүйлийг мэдэх боломжтой юм.
Академич Д.Доржготов Монгол орны газар зүйн экосистемийн атласыг хэвлүүлэхээр судалгаа хийж байна. Газарзүйн шинжилгээ судалгааг шинэ тутамд өөрчилж, шинэчилж байх ёстой юм шиг санагддаг. Байгалийн жамаараа болоод, хүний оролцоотойгоор үргэлж хувьсан өөрчлөгдөж байна. Яг одоо хийж байгаа судалгаа маань үүнтэй холбоотой. 100 жилийн өмнө оросуудын хийсэн судалгаа бий. Шавь нартайгаа хамтраад энэ судалгааг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулна. 100 жилийн өмнө ямар газар нутаг, ямар цэг дээр хийсэн яг тэр газруудад нь судалгаа явуулж, тухайн газар нутгийн экосистем хэр зэрэг өөрчлөгдөж буйг судалж байна. Муу талруугаа бол хэр зэрэг, сайн талруугаа бол хэр зэрэг өөрчлөгдөв гээд нилээн олон дүгнэлт гарна гэдгийг тэрээр нэмж хэллээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов 1957-1962 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуульд суралцаж, хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгсөж ирсэнээс хойш 50 гаруй жил Газарзүйн хүрээлэнд ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилтан, тасаг, лабораторийн эрхлэгч, 1994-2013 он хүртэл тус хүрээлэнгийн захирлын албыг хашиж ирсэн. Тэрээр энэ хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж жирийн эрдэм шинжилгээний ажилтнаас шинжлэх ухааны доктор, академич болох урт замыг туулж, өөрийн оронд төдийгүй ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, ХБНГУ, АНУ зэрэг олон оронд эрдмийн бүтээлээрээ үнэлэгдсэн газарзүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн.
Үзсэн: 1576
Tweet